Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Геннист бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан өчигдөр Хүй долоон худагт өндөрлөлөө. Тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын уугуул, улсын харцага Б.Бат-Өлзий ес даван түрүүлсэн билээ. Түүнд улсын арслан цол олгох эсэх талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавтай утсаар холбогдож тодруулахад: ‘Монголын үндэсний бөхийн холбооноос 512 бөхийн барилдаанд улсын цол олгох, олгохгүй талаар анхнаасаа ямар ч мэдэгдэл хийгээгүй. Асуудал хууль, журмын дагуу л шийдэгдэнэ’ гэсэн хариулт өглөө. Үүнээс үзэхэд 512 бөхийн барилдаанд амжилт үзүүлсэн бөхчүүдэд улсын цол олгох асуудал цааш хөндөгдөх бололтой.