Хот хоорондын нийтийн тээвэр өнөөдөр /2021.03.03/-өөс үйлчилгээнд гарч байгаа. Орон нутагт зорчиж буй иргэд 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байх ёстой бөгөөд шинжилгээний хариу гарсан цагаас эхлэн 72 цагийг тооцох юм.
Үүнтэй холбоотойгоор хувийн эмнэлгүүдэд хийлгэсэн PCR шинжилгээний хариуг тооцохгүй, хотоос гаргахгүй байна гэх гомдол иргэдээс олон ирж байна. Энэ талаар Нийслэлийн онцгой комиссоос тодруулахад “Орон нутгийг зорьж байгаа иргэдийг 72 цагийн дотор шинжилгээ хийлгэсэн байхыг шаардаж байгаа. Хотын шалган нэвтрүүлэх постууд дээр иргэдийн шинжилгээний хариуг шалгаж байгаа. Ингэхдээ eruul.gerege.mn-нд нэвтэрч, хаана хэзээ өгсөн шинжилгээ болохыг нь шалгаж байна. Одоогоор хувийн эмнэлгүүдээс зөвхөн ‘Интермед’ эмнэлэгт хийлгэсэн шинжилгээний хариу л тус сайтад шивэгдэж байгаа. Хэрэв тус сайтад нэвтрэхэд хариу нь харагдахгүй бол хотоос гаргах боломжгүй” гэлээ.
Харин “Интермед” эмнэлгээс энэ талаар тодруулахад ‘Манайх PCR шинжилгээ хийх зөвшөөрөл авсан. Манайд хийлгэсэн шинжилгээний хариу eruul.gerege.mn-нд шивэгдэж байгаа болохоор орон нутгийг зориход ямар нэгэн асуудал үүсэхгүй. Одоогоор манайд өдөрт 100-200 хүн Covid-19 илрүүлэх PCR шинжилгээ хийлгэж байна’ гэв. Тус эмнэлэгт PCR шинжилгээг 98 мянган төгрөгөөр хийж байгаа аж.