Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хорооноос өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Тус хороо тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох шаардлагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлэхээр болжээ. Хэрэв гурав хоногийн дотор хариу өгөхгүй бол Сонгинохайрхан дүүргээс эхлэн иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлага байна уу? гэсэн сэдвээр иргэдийн дунд санал асуулга явуулахаар болсныг түр хорооны төлөөлөл мэдэгдэв.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд тэтгэврийн насны 190 мянга орчим ахмад сард хувь тэнцүүлсэн тэтгэвэр 255 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 188 мянган төгрөг авдаг байна. Гэвч энэ мөнгөөр амьдрах аргагүй болж цар тахал, үнийн өсөлт дарамт болж байгааг Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хороонынхон хэллээ.
Тус хорооны гишүүн н.Хажидмаа “Цар тахлын хүнд үед төр иргэдээ сард 255 мянган төгрөгөөр хэрхэн яаж амьдарч байгааг бодолцож үзмээр байна. Улсад 30 жил ажилласан иргэн 255 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаад бухимдаж байна. Ерөнхий сайд нь хөшөө барьж, нурааж тоглож байна. Энэ мөнгийг ядарсан иргэддээ зарцуулах ёстой байсан. Өндөр настнуудын тэтгэврийг нэмэх боломжтой” гэлээ.
Мөн иргэдийн төлөөлөл З.Даваа “Бид өнөөдөр аль нэг намын хатгаасаар олон нийтэд мэдээлэл хийсэнгүй. Би Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг. Захын хороололд амьдрал ямар байгааг төр харах хэрэгтэй. Тэнд амьдрал хүнд байна. Энэ ч үүднээс бид цаашид Улаанчулуутын хогийн цэг дээрээс хэвлэлийн бага хурал хийнэ. Цалин тэтгэврийн мөнгийг улс нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн сан нэрийдлээр ихэнхийг нь авч байна. Гэтэл ахмадууд бид сард 255 мянган төгрөгөөр амьдрах аргагүй боллоо. Иймд бидний тэтгэврийг нэмэх цаг нь болсон. Ийм боломж Монгол Улсад бий. Эдийн засаг цар тахлаас болж хямраагүй гэдгийг “Андлалын хөшөө”-нөөс харж бас хардаж байна” гэлээ.