Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)-ийн Биеийн тамирын сургуулийн 25 багш, 2-4 дүгээр дамжааны 300 гаруй оюутан “Алтан намар аян”-нд нэгдэж, ургац хураахаар Төв аймгийн Жаргалант сумыг зорилоо.
Ургац хураалтад оролцох багш, оюутнууд сайн дураараа явж байгаа бөгөөд 14-21 хоног ажиллах юм. Энэ хүрээнд МУБИС болон тариаланчид, Жаргалант сумын Засаг дарга нар гурвалсан гэрээ байгуулсан байна. Тодруулбал, ургац хураалтад оролцох хугацаанд оюутнуудын хичээлдээ сууж чадаагүй хоногийг нөхөх асуудлыг МУБИС хариуцах бол оютнуудын аюулгүй байдлыг Жаргалант сум, цалин хөлсийг тариаланчид хариуцах аж.
Цар тахлаас сэргийлэх үүднээс оюутнуудын байрлах байрны хажууд тусгаарлах өрөө гаргах шаардлагыг тариаланчдад тавьж байгаа аж. Сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд тусгаарлах өрөөнд байрлуулж, шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ.