Монголын хүннү рок ‘The Hu’ хамтлаг 2021 оны анхны аялан тоглолтоо АНУ-аас эхлүүлээд буй. Тэд энэ удаа ‘Хүн’ нэртэй аялан тоглолтоо есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал тоглолт хийхээр эх орноосоо мордсон юм.
‘The Hu’ хамтлагийн хоёр дахь цомгийн ажил дууссан бөгөөд шинэ цомогийн таван дуугаа энэ тоглолтод дуулж бгаа аж.
Тэд уг аялан тоглолтынхоо дараа Европын орнуудаар тоглолт хийхээр төлөвлөсөн сурагтай. Тодруулбал, ирэх гуравдугаар сард Герман, Дани, Чех, Швед зэрэг улсад 15-50 мянган үзэгчэй битүү стадионд тоглолт хийх гэнэ.
Аялан тоглолтын талаар продюсер Б.Дашдондог өмнө нь ярихдаа “Хамтлагийн залуус эх орондоо байх хугацаандаа уран бүтээлдээ анхаарч ажиллалаа. Бидний уран бүтээлийн төлөвлөгөө эхнээсээ гарч, аялан тоглолтоо хийнэ. Шинэ цомгийн нээлтээ хийсний дараагаар уран бүтээлийн дээжээ цацах болно. Хоёр дахь цомгийн нээлтээ гадаадад хийх байх” гэж хэлсэн.
Тэдний хувьд 2019 онд амжилт, бүтээлээр арвин жил байсан. Хамтлаг дэлхийд гарч, Европыг байлдан дагуулсан. Нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийсэн билээ.