Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас АИ-92 шатахууны аравдугаар сарын 24-ний байдлаарх нийлүүлэлтийн мэдээллийг танилцууллаа.
ОХУ-ын Роснефть НХН-ийн Ангарскийн ГТБҮ-ээс 54,880 тонн, БНХАУ-ын Петрочайна интернейшнл компанийн Хөх хотын ГТБҮ-ээс 20,000 тонн АИ-92 шатахуун аравдугаар сард импортлохоор төлөвлөн ажиллаж байгаа аж. Үүнээс аравдугаар сарын 24-ний өдрийн байдлаар ОХУ-аас 12,800 тонн, БНХАУ-аас 12,250 тонн, нийт 25,050 тонн АИ-92 шатахуун импортлоод байна.
Ангарскийн ГТБҮ-ийн үйл ажиллагаа аравдугаар сарын 17-ноос эхлэн тогтворжиж хоногт 17-55 вагон буюу 1,000-3,300 тонн АИ-92 шатахууны ачилтыг хийж эхлээд байна. Мөн Хөх хотын ГТБҮ-ээс 25-наас эхлэн 7,700 тонн АИ-92 шатахууны ачна.
Улаанбаатар хот болон бусад суурин газруудад АИ-92 шатахууны түгээлтийг шуурхай хийж байна. Тухайлбал, аравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд:
- НИК, Тэс петролиум, Шунхлай, Газ-Ойл, Ундрага Увс зэрэг ААН-үүд Говь-Алтай, Увс, Баянхонгор, Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудад 335 тонн, Зүүн 3 аймагт 150 тонн АИ-92 шатахуун ачуулан түгээлтийг хийсэн.
- НИК, Сод монгол ХХК-нууд нь Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт 7 вагон цистерн буюу 420 тонн АИ-92 шатахуун түгээлтийг хийж эхэлсэн.
Шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж эхэлж байгаа бөгөөд УУХҮЯ, АМГТГ болон шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдтэй хамтран аймаг орон нутагт АИ-92 шатахууны хангамж, түгээлтийг сайжруулахаар зохион байгуулан ажиллаж байна.
Монгол улсын АИ-92 шатахууны хоногийн дундаж хэрэглээ 1,330 тонн, Үүнээс Улаанбаатар хот-850 тонн, Хангайн болон Төвийн бүс-265 тонн, Баруун болон Зүүн бүсийн хэрэглээ 215 тонн орчим байдаг.