АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Киевт олгох санхүүжилтээ танах аваас Их Британийн цэргүүдийг Украин руу илгээж магадгүй гэж Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон “GB News” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Бид яагаад украинчуудыг дэмжиж байгаа вэ? Учир нь, эс тэгвээс дахин сэргэж буй Орос улс бидний хамтын аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах болно. Тэр үед бид Украиныг хамгаалахад туслахын тулд Их Британийн цэргүүдийг илгээх шаардлагатай болно” гэж тэрбээр хэлсэн байна.
“Киевийг дэмжих нь “сайн хөрөнгө оруулалт”, эс тэгвээс Европ, ялангуяа Гүрж болон Балтийн орнуудад илүү их аюул заналхийлэх болно” гэж тэрбээр нэмж хэлжээ. Түүний хэлснээр, Украин ялагдсанаас учрах үр дагавар Номхон далайн бүс нутаг, Өмнөд Хятадын тэнгист ч мэдрэгдэнэ.
2016 оны сонгуульд ялж, АНУ-ын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Д.Трамп энэ оны 11 дүгээр сарын 5-нд болсон сонгуульд ялсан билээ. Тэрбээр дөрвөн жил завсарласны дараа Цагаан ордонд буцаж ирсэн, XIX зуунаас хойших АНУ-ын анхны улстөрч болжээ.
Д.Трамп сонгуульд ялсныг Associated Press, Fox News, CNN, NBC, ABC, CBS зэрэг Америкийн хэвлэл мэдээллийн бүх томоохон хэрэгсэл зарласан билээ.
Өмнө нь тэрбээр Украины мөргөлдөөнийг яриа хэлэлцээ хийх замаар нэг өдрийн дотор шийдвэрлэж чадна гэж удаа дараа мэдэгдэж байсан юм. Түүнчлэн Украин дахь дайны талаар баримталж буй АНУ-ын одоогийн эрх баригчдын байр суурийг болон Владимир Зеленскийг удаа дараа шүүмжилж байсан юм.