Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн Жухай хотод даваа гарагт гарсан автомашины ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэхийн тулд бүх хүчээ дайчлахыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин уриаллаа.
Хятадын Коммунист намын /ХКН/ Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин мөн гэмт этгээдийг хуулийн дагуу хатуу шийтгэхийг шаардсан байна. Жухай хотын нэгэн спортын төвд гарсан ослын улмаас 35 хүн амиа алдаж, 43 хүн хүнд гэмтэж бэртжээ.
Ши Жиньпин энэ хэргээс сургамж авч, эрсдэлээс урьдчилан сэргийлж, хяналтаа чангатгахыг орон нутгийн засаг захиргаа, холбогдох байгууллагуудад уриалсан байна. Мөн маргааныг цаг тухайд нь шийдвэрлэх, онц ноцтой хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, нийгмийн тогтвортой байдлыг хангахад бүхий л хүчин чармайлтаа дайчлахын чухлыг цохон тэмдэглэв.
Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян энэ хэрэг явдлаас учирсан хор хохирлыг зохих ёсоор шийдэж, хэргийг шуурхай мөрдөн шалгаж, гэмт этгээдийг хуулийн дагуу хатуу шийтгэхийг уриалжээ. Мөн нийгмийн тогтвортой байдлыг хангахын тулд эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт тавихыг ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Чян уриалсан байна.
Ши Жиньпиний өгсөн чиглэлийн дагуу Хятадын төв Засгийн газар уг хэргийг хянан шийдвэрлэх багийг илгээжээ. Осол даваа гаргийн оройны 7:48 цагийн орчимд иргэд дасгал хөдөлгөөн хийж байх үеэр гарчээ. 62 настай сэжигтэн нь Фан хэмээх гэрлэлтээ цуцлуулсан эрэгтэй байжээ. Түүнийг хэргийн газраас зугтах гэж байх үед цагдаагийн ажилтнууд саатуулсан байна. Фан машин дотроо өөрийгөө хутгаар гэмтээхийг оролдсон бөгөөд түүний эл үйлдлийг тэр даруй зогсоож, эмнэлэгт хүргэсэн байна.