ХӨСҮТ-өөс өнөөдөр хоёр хүн эдгэрч, тусгаарлалт руу шилжлээ. Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн батлагдсан нийт тохиолдол 557, үүнээс эдгэрсэн 337, ажиглалтад 25, гэрийн ажиглалтад хоёр, ажиглалтаас гарсан 310, нутаг буцсан долоон хүн байна. ХӨСҮТ-д 213 хүн эмчлүүлж байгаагаас хүнд нэг, хүндэвтэр 32, хөнгөн 180 хүн байна. Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн батлагдсан тохиолдол нийслэлд 33, Сэлэнгэ аймагт 53, Дархан-Уул айматт 16, Дорноговь аймагт 6, Говьсүмбэр аймагт нэг тохиолдол тус тус бүртгэгдлээ.
Бүртгэгдсэн халдварууд голомтлогдсон, хавьтал болсон хүнээсээ халдвар авсан халдварууд байна. Эхний батлагдсан халдварын голомт болсон жолооч Д-ийн гэр бүлийн ойрын хавьтлууд болох 15 хүнээс халдвар илэрсэн. Үүнээс улбаатай караокед орсон хүмүүсээс үргэлжлэн халдвар илэрч байна. Халдвартай гурван хүн караокед орсны улмаас хамт байсан зургаан хүн халдвар авч, улмаар гэр бүлийнхээ хүмүүст халдвар тарааж, нэг орцны хэмжээнд халдвар таржээ. Тодруулбал, нэг орцны 20 айлын 60 гаруй хүнийг шинжилгээнд хамруулахад, зургаан айлын хүмүүс өвчилсөн байна. Өөрөөр хэлбэл, караокеноос улбаатай 18 тохиолдол нь халдварын голомтыг үүсгэжээ.