Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажилласан эмч нарын хөдөлмөрийг үнэлж, алдаршуулах зорилгоор “Алтан чагнуур” шагнал гардуулах ажиллагааг зохион байгуулдаг. Арав дахь удаагийн ёслол өнөөдөр болж нарийн мэргэжлийн 16 төрөлд шилдэг эмчийг тодрууллаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэхүү арга хэмжээгээр эрүүл мэндийн салбарын 56 мянган ажилтныг алдаршуулж байгаад талархал илэрхийллээ.
Мөн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын улмаас олон нийтийн эрүүл мэндэд ноцтой, аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулж Засгийн газрын шийдвэрээр 2020 оны хоёрдугаар сараас эхлэн эрүүл мэндийн ажилтан, албан хаагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй бэлэн байдлыг хангах, шаардлагатай бүхий л арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх нэн хариуцлагатай үүрэг хүлээж, өндөр ачаалал үүрч ажилласныг онцлов.
‘Алтан чагнуур’ шагналд нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын 50 гаруй эмч нэр дэвшжээ. Үүнээс:
- Дотрын анагаах судлал: Улсын I төв эмнэлгийн Уушгины тасгийн их эмч Б.Одончимэг
- Хүүхэд судлал: “Хүрээ” амаржих газрын нярайн их эмч Д.Цэвэгсүрэн
- Эмэгтэйчүүд, эх барих судлал: “Амгалан” амаржих газрын амбулаторийн тасгийн эрхлэгч Л.Долгоржав
- Сумын эрүүл мэнд судлал: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн дарга А.Батбаатар
- Уламжлалт, сэргээн засал судлал: Улсын III төв эмнэгийн сэргээх засах эмч С.Дэлгэрмаа
- Өрхийн анагаах ухаан судлал: Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Одончимэг
- Нийгмийн эрүүл мэнд судлал: ЗООНОЗ-ын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлаач Ш.Агиймаа
- Нүд, чихэр хамар хоолой, нүүр ам судлал: Улсын I төв эмнэлгийн чих, хамар хоолойн Мэс заслын тасгийн эрхлэгч Л. Бямбасүрэн
- Мэдрэл, сэтгэц судлал: СЭМҮТ-ийн дэд захирал В.Баярмаа
- Мэс засал, гэмтэл согог судлал: ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын зөвлөх эмч А.Цэнджав
- Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлал: Орхон аймгийн бүсийн эмчилгээний төвийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн зөвлөх эмч Б.Батбаяр
- Эмнэлзүй, эмгэг судлал: Улсын III төв эмнэлгийн Ш.Өнөржаргал
- Халдварт өвчин судлал: ХӨСҮТ-ийн амбулаторийн тасгийн их эмч Н.Отгон
- Яаралтай тусламж судлал: Улсын II төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Ж.Уламсайхан нар шилдгээр шалгарав.
Арга хэмжээг зохион байгуулсан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа ‘Энэ шагнал бол эрүүл мэндийн салбарт хүнд хөдөлмөр цаг наргүй эрхэлж, нойр хоолоо хугаслан яваа эмч нараа алдаршуулах, тэднийг олон нийтэд таниулах зорилготой. Шалгаруулалт зохиогдоогүй хоёр жил өнжсөн гэдэг утгаар хүлээлт маш өндөр байлаа.
Эмч нарын ажлын ачаалал маш өндөр байгаа. Бид цаашид боловсон хүчин, хүний нөөцийн асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг зорьж байна. Салбарын яамтай хийсэн хамтын хэлэлцээрт асуудлаа тусгасан. Цаашлаад бэлтгэж байгаа боловсон хүчнийг оновчтой бэлтгэж, зөв газар хуваарилахаар салбар дотроо ярилцаж байна’ гэв.
Жил бүрийн гуравдугаар сарын 30-нд ‘Дэлхийн эмч нарын баярын өдөр’ тохиодог. Энэ өдрийг Монгол Улсад ‘Талархлын өдөр’ болгон арав дахь жилдээ тэмдэглэхээр төлөвлөжээ.