БЗДХ, ХДХВ/ДОХ-ын талаарх үндэсний наймдугаар чуулган Туушин зочид буудалд өнөөдөр болж байна.
Энэ үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга н.Болд дараах асуултыг асуув.
Орос-Украины дайнаас үүдэлтэй манай улсыг зорих гадаадын иргэдийн тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор гадаад иргэдийг бэлгийн замын халдварт өвчний үзлэг, шинжилгээнд хамруулахад чиглэсэн төлөвлөгөө байгаа эсэх талаар тэрбээр асуусан юм.
“ОХУ-ЫН ЭРХҮҮ МУЖ, ТЭР ДУНДАА БУРИАДАД БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТАРХАЛТ ИХ БҮРТГЭГДДЭГ”
ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхам “Энэ бол яах аргагүй тулгамдсан асуудал. ОХУ-д ХДХВ/ДОХ-ын халдвар өндөр бүртгэгддэг. Энэ дундаа мансууруулах бодис хэрэглэгчдийн дунд халдварын тархалт их байдаг. Сүүлийн үеийн судалгаагаар эрсдэлт бүлгээс гадна нийт хүн ам буюу залуучуудын дунд энэ төрлийн өвчин тархаж байгаа мэдээлэл бий. ОХУ-ын Эрхүү муж, тэр дундаа Буриадад БЗДХ, ХДХВ/ДОХ-ын тархалт их бүртгэгддэг талаарх мэдээлэл байна.
Бүртгэгдсэн тохиолдлуудад баталгаажуулах шинжилгээг ХӨСҮТ-д хийж байгаа. Баталгаажуулсны дараа хүн нэг бүртэй тулж уулзаж байна. Бэлгийн замын халдвар авсан гадаадын иргэнийг эх орноосоо албадан гаргах ямар ч эрх зүйн үндэс байхгүй. Тиймээс Монгол Улсад байх хугацаанд нь эмчилгээ тусламж, үйлчилгээнд өөрийнх нь хүсэлтээр хамруулж байна.
Хэрэв Монгол Улсад эмчилгээ, тусламж үйлчилгээнд хамрагдахгүй гэвэл, бидэнд албадан эмчлэх ямар ч зохицуулалт байхгүй” хэмээх хариултыг өгөв.
“ГАДААД УЛСЫН ИРГЭДЭЭС ХДХВ/ДОХ-ЫН ШИНЖИЛГЭЭГ АЛБАДАН АВАХ ЭРХ ЗҮЙН ЗААЛТ БАЙХГҮЙ”
Энэ асуудлаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгээс нэмж тодруулахад “Энэ бол анхаарах чухал асуудал. Орос-Украины цэргийн үйл ажиллагаатай холбоотойгоор манай улсад ирэх иргэдийн тоо нэмэгдэж байна. Ялангуяа, хойд хөршөөс эрэгтэйчүүд их орж ирж байна.
Түүнчлэн манай улсын Засгийн газар ирэх жилийг аялал жуулчлалыг дэмжих жил болгоно хэмээх зорилтыг дэвшүүлсэн. Тиймээс ч анхаарахгүй орхиж болохгүй сэдэв юм. Монгол Улсад төгөлдөр мөрдөж байгаа хуульд гадаад улсын иргэдээс ХДХВ-ийн шинжилгээг албадан авах тухай эрх зүйн заалт байхгүй. Мөн манайд жуулчлалаар ирж байгаа хүмүүст бэлгийн замын халдварын шинжилгээг заавал авах үзүүлэлт байхгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх боломжгүй байна. Харин бид олон нийтэд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох, тэднийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг нийгэмд явуулах нь чухал” хэмээн хэллээ.
Ташрамд дурдахад, ОХУ цэргийн дайчилгаа зарласан өдрөөс хойш нэг сар орчмын хугацаанд хилийн боомтуудаар тус улсын нийт 22,540 иргэн манай улсад орж ирсэн талаар өмнө нь (2022.10.21) мэдээлж байсан.