Завхан аймгийн Алдархаан сумын нутагт “Борх” 5 МВТ-ын Нарны цахилгаан станц, Улиастай суманд “Цэнгэг” 3.6 МВтц хүчин чадалтай эрчим хүч хуримтлуурын станц энэ сарын 26-ны өдөр ашиглалтад орлоо.
Энэ нь Завханчуудын мөрөөдөл болсон эрчим хүчний бие даасан эх үүсвэртэй болох асуудалд гэрэл асаасан түүхэн үйл явдал гэдгийг нутгийн иргэд хэлсэн юм.
“Манай аймагт Улаанбаатар хотын Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцаас эрчим хүч 1,000 гаруй км-ыг туулж, ирдэг болохоор цахилгааны тасалдалт, саатал их гардаг. Ашиглалтад орж буй нарны цэнэг хураагуурын станц томоохон үүрэг гүйцэтгэх юм. Өөрөөр хэлбэл, зургаан цагийн хугацаанд 600 кВт эрчим хүч үйлдвэрлэж, эрчим хүч тасарсан үед Улиастай сумын тодорхой газруудыг эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна. Тухайлбал эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд найдвартай ажиллаж, хүний амь нас эрстэхээс хамгаалах боломж бүрдэх зэрэг том ач холбогдолтой. Завхан аймгийн ард иргэдийг найдвартай эрчим хүчээр хангах зорилготой эдгээр станцууд ашиглалтад орсноороо Улаанбаатар хотоос 1,000 гаруй километрийн зайтай Завхан аймаг цаашид найдвартай эрчим хүчээр хангагдах боломж бүрдлээ. Улс тунхагласны ойн өдөр Завхан аймагт маань томоохон бүтээн байгуулалт ашиглалтад орж байгаад бид баяртай байна. ” хэмээн Завхан аймгийн засаг дарга Д.Түвшинжаргал хэллээ.
“ЗАВХАН АЙМГИЙН 40 ОРЧИМ МЯНГАН ХЭРЭГЛЭГЧИЙГ ЭРЧИМ ХҮЧЭЭР НАЙДВАРТАЙ ХАНГАХАД ДЭМ БОЛСОН СТАНЦТАЙ БОЛЛОО”
Үргэлжлүүлэн тэрбээр “Нөгөө талаараа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглалтад орсноор дэлхий нийтийн анхааралд буй асуудал болон хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмэртэй. Мөн Завхан аймгийн сэргээгдэх эрчим хүчний найдвартай эх үүсвэрүүдэд тус дэм болсон төсөл гэдгийг дахин хэлье. Үндсэндээ аймгийн эрчим хүчний системд зэрэгцээ холбочхож байна гэсэн үг. Төвөөс ирж буй эрчим хүчинд дэм болох станц гэсэн үг. Завхан аймгийн 40 орчим мянган хэрэглэгчийг эрчим хүчээр найдвартай хангахад дэм болсон станцтай боллоо” хэмээв.
Баруун бүс нутагт баригдсан эдгээр станц нь Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй, Төвийн эрчим хүчний системээс алслагдсан аймгуудад Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдсан билээ.
2021 оны хоёрдугаар сард Япон улсын JGV Холдингс Корпорэйшн, NGK Insulators компани болон “М СИ ЭС Интернэйшнл” ХХК хэмээх консорциум Эрчим хүний хүчний яамнаас зарласан тендерт шалгарч, Улиастайн 5 МВт-ын нарны цахилгаан станц, Батарей хуримтлуурын системийн төслийн гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд ийнхүү ашиглалтад хүлээлгэн өгсөн нь энэ юм.
“БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН НЭГ ОНЦЛОГ НЬ ШУУД АЛТАЙ- УЛИАСТАЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМД ХОЛБОГДСОН”
“М Си Эс” Интернэйшнл ХХК-ийн Төслийн удирдагч Ө.Цогтбаяр “Бид төслийн ажлын эхлүүлсэн цагаас эхлээд дэлхий даяар цар тахал нүүрлэж, төсөөлж байгаагүй сорилтуудыг дагуулсан. Гэсэн хэдий ч төслийн ажлыг нэг ч удаа зогсоохгүй явсаар Монгол Улсдаа хамгийн анхны том чадлын буюу 3.6 МВТ-ын батарей хуримтлуурын системийг амжилттай оруулж чадлаа. Мөн Завхан аймгийн Алдархаан суманд баригдсан 5 МВТ-ын “Борх” нэртэй нарны цахилгаан станцыг амжилттайгаар барьж угсарч дуусгаад энэ өдөр ашиглалтад хүлээлгэн өгч байна. Батарей хуримтлуурын систем нь Монгол Улсад урьд өмнө нь хийгдэж байгаагүй анхны том чадлын төсөл болсон юм. Батарэй хуримтлуурын нэг онцлог нь шууд Алтай- Улиастайн эрчим хүчний системд холбогдсон. Тус системийн чадлын дутагдалттай буюу оргил ачааллын үед дэмжлэг үзүүлж оролцож, шаардлагагүй үед нь өөрийгөө цэнэглэж ажиллана. Бид одоо Говь-Алтай аймагт 10 МВТ-ын төсөл дээр гүйцэтгэгчээр ажиллаж байна. Төслийн нийт гүйцэтгэл 75 хувьтай яваа” хэмээв.
“25 ЖИЛИЙН ТУРШ БҮС НУТГИЙН 8,300 АЙЛ ӨРХ БУЮУ 48 МЯНГАН ИРГЭНИЙ ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙГ БҮРЭН ХАНГАХ БОЛОМЖТОЙ СТАНЦ”
Эрчим Хүчний Яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Х.Бекболат “Бүтээн байгуулалтын үр дүнд жилд дунджаар 10.2 сая кВт цаг эрчим хүчнийг үйлдвэрлэнэ. Энэ нь 25 жилийн турш бүс нутгийн 8,300 айл өрх буюу 48 мянган иргэний цахилгаан хангамжийг бүрэн хангаж, 223 мянган тонн нүүрс хүчлийн хий ялгаруулалтаас сэргийлнэ” гэлээ.
“ЦААШДАА ЗАВХАН АЙМАГ ИМПОРТООР АВДАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА”
Улсын их хурлын Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг “Завхан аймаг бол Улаанбаатар хотоос 1,000 гаруй километрын зайд орших алслагдсан баруун бүс нутаг. Дээрээс нь тус аймаг Монголын хамгийн хүйтэн цэг. Баруун бүс нутаг эрчим хүчний хомстолтой буюу нийт эрчим хүчнийхээ их ачааллынхаа үед 70 хувийг нь импортоор авдаг. Ийм аймагт сэргээгдэх эрчим хүчний том эх үүсвэр бий болж байгаа нь том ач холбогдолтой. Цаашид Завхан аймаг эрчим хүчний эх үүсвэрээ найдвартай болгож, мөн гаднаас импортоор авдаг эрчим хүчний эх үүсвэрийг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэж байна. Мөн өнөөдөр дэлхийн дулааралтай тэмцэхэд дэлхий даяараа хөдөлж байгаа энэ үед ногоон эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж буй нь сайшаалтай” гэв.
Улиастай суманд буй “Цэнгэг” 3.6 мегаватт цаг Эрчим хүч хуримтлуурын станцын тухайд
- Монголын анхны “Эрчим хүч хуримтлуур” бүхий станц
- Ашиглалтын нийт хугацаанд цэнэгийг бүрэн 100% шавхаж ажиллах боломжтой
- Батарейн үйлдвэрлэгч NGK Insulators нь дэлхийн даяар нийт 200 гаруй төсөлд 4,000 МВТ цаг бүхий Эрчим хүч хуримтлуур станцыг ашиглалтад оруулсан.
- Аюулгүй буюу бусад технологитой харьцуулахад галын эрсдэл байхгүй
- Батарейн насжилтын хугацаа харьцангуй урт буюу 15 жилээс дээш
- Эрс тэс уур амьсгалын нөхцөлд тэсвэртэй зэрэг онцлог давуу талтай юм.