Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна.
НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг 1985 онд баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ныг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдөр хэмээн зарласнаас хойш дэлхий нийтээр 39 дэх жилдээ тэмдэглэж байна.
Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийг 1990 онд байгуулсан билээ. Хэрэглэгч бүрийн үндсэн эрх нь мэдээлэл авах, хэрэглээний аюулгүй байдал, сонгох, санал гомдлоо хэлэх эрх гэсэн үндсэн зарчим дээр тогтдог.
Түүнчлэн хэрэглэгч бүр эрүүл орчинд үйлчлүүлэх, үндсэн хэрэгцээгээ хангуулах, хэрэглэгчийн боловсрол эзэмших, шаардлагатай тохиолдолд учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй. Эдгээр зарчим нь манай улсад хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийг батлан гаргах үндэслэл болсон юм. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хүмүүст энэ талаар тодорхой ойлголт өгөх зорилгоор манай улс энэ өдрийг 2012 оноос “Бидний мөнгө бидний эрх”, “Санхүүгийн үйлчилгээн дэх бодит сонголтын төлөө”, “Үүрэн телефон хэрэглэгчдийн эрхийг хамгаалъя”, “Зөв зохистой хооллолтын төлөө” зэрэг уриатай тэмдэглэж байлаа.
Монгол Улсад Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг 2003 онд баталжээ.