Улаанбаатарчуудын төвлөрсөн дулаан, цахилгаан хангамж дулааны II, III, IV болон Амгалан дулааны станцаас хангагдах ба нийт 13.5 мянга гаруй барилга, байгууламжийг дулааны эрчим хүчээр хангадаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод жилд дунджаар 221-244 МВт-ийн хэрэглээ бүхий 300 орчим барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож, хэрэглээ 7-8 хувиар тогтмол өсөн нэмэгдэж байна. Өдгөө бид дулааны эх үүсвэрийн хүчин чадлаасаа даруй 60 хувиар хэтэрсэн хэрэглээтэй өдөр хоногийг аргацааж байна.
Түүчнлэн цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан болон үерийн далан сувгийн шугам хоолойн 24-67% нь ашиглалтын хугацаа дууссан. Эдгээр тоон мэдээлэл өдрөөс өдөрт өргөжин тэлж буй Улаанбаатар хот цаашид инженерийн дэд бүтцээ сайжруулахгүйгээр хөгжих боломжгүй байдалд хүрснийг нотолно. Цаашид 2030 он гэхэд нийслэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 3328МВт хүрэх тооцоолол гарсан. Уг тооцооллоор бид 1848МВт цахилгаан эрчим хүчний дутагдалд орно. Энэ нь хотын нийт хэрэглээний 55%-ийн эх үүсвэрийн чадлын дутагдалд орж, нийслэлчүүдийн тал хувь нь цахилгааны хараат байдалд орно гэсэн үг.
Бид байгаа хүчин чадлаасаа илүү гарсан хэрэглээгээ хангахын тулд ОХУ-аас жилдээ 168 сая ам.долларын импортын эрчим хүч авч хэрэглэдэг. 2023-2024 оны өвлийн их ачааллын үед цахилгаан станцуудын эрчим хүчний нийлүүлэлт, хэрэглэгчдийн цахилгаан ачааллаас хамааран нэгдсэн сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор давхардсан тоогоор 1.974.241 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг 3141МВт-аар хязгаарласан байна.
Тэгвэл энэ онд 12 байршилд нийт 2500МВт хүчин чадалтай дулааны эх үүсвэр барих төсөл арга хэмжээний ТЭЗҮ, ажлын зураг төсөл боловсруулагдсан бол 3 байршилд 900МВт хүчин чадалтай дулааны эх үүсвэр барих төслийн ТЭЗҮ боловсруулагдсан бөгөөд бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт шаардлагатай.
Бөөрөлжүүтийн 300МВт-ын хүчин чадалтай цахилгааны станцын эхний ээлжийн 150 МВт-ыг ирэх намар төвийн эрчим хүчинд нийлүүлж эхэлнэ. Харин төслийн 2-р үе шат 2025 онд ашиглалтад орж, 150 мВт-ыг нийлүүлнэ. Түүнчэн Багануурын 400МВт-ын цахилгаан станц барих төсөл, дэд өртөө, шугам сүлжээний бүтээн байгуулалтад 6.6 их наяд төгрөг шаардлагатай. Түүнчлэн 2028 онд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нийт 8 байршилд төлөвлөсөн. Төслийн хүрээнд 75МВт хүчин чадалтай усан цэнэгт нөөцлүүр 1 байршилд, 100МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц 3 байршилд, 150МВт хүчин чадалтай цахилгаан нөөцлүүр 1 байршилд, хог шатаах эх үүсвэр 3 байршилд төлөвлөсөн.