Их Британи улс хоёр хоногийн өмнөөс Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн Сovid-19-ийн эсрэг вакцинаар дэлхийд анх удаа хүн амаа вакцинжуулах ажлыг эхлүүлээд байна. Уг вакциныг эхний өдөр олон мянган хүн хийлгэсэн ч хоёр хүний биед сөрөг нөлөө илэрсэн тул энэхүү вакциныг харшилтай хүмүүс хийлгэхгүй байх түр зөвлөмжийг тус улсын Эрүүл мэндийн яам гаргажээ.
Дээрх хоёр хүн нь хоёулаа эмнэлгийн ажилтнууд байсан ба харшил нь идэвхжих үед анафилактик шок хэмээх хариу үйлчлэл үзүүлдэг өвчний түүхтэй байсан аж.
Тиймээс ямар нэгэн эм болон хоол хүнсэнд харшилж, хариу үйлдэл үзүүлдэг хүмүүст Covid-19-ийн эсрэг вакцин хийхгүй байх шийдвэр гаргасан байна. Дээрх хоёр тохиолдлыг тус улсын эрүүл мэндийн байгууллагууд болон вакцин үйлдвэрлэгчид нарийвчлан судлахаар болжээ.