2019 оны ‘Шилдэг өвлөн уламжлагч’-аар нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн, туульч А.Балдандорж шалгарч, 2020 оны 2 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ‘Хүндэт өргөмжлөл’-өө гардаад байсан юм. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан олгоогүй байсан мөнгөн шагналыг Соёлын сайдын багцаас шийдвэрлэснийг сайд С.Чулуун өнөөдөр гардууллаа.
Монгол Улсын Засгийн газраас жил бүр соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчийг тодруулж, ‘Хүндэт өргөмжлөл’, 30 сая төгрөгөөр шагнаж урамшуулдаг болсон билээ.
Урианхай туульч А.Балдандорж нь Жилхэрийн удмын 9 дэх үеийн туульч бөгөөд тууль хайлах уламжлалыг өөрийн аав Төрийн соёрхолт туульч Б.Авирмэдээс өвлөн авчээ.
Соёлын сайд С.Чулуун шилдэг өвлөн уламжлагчид хандан тус яамны бодлого, үйл ажиллагааг дэмжиж, туульсийн урлагийг судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, шавь бэлтгэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, туульсийн урлагийг хамгаалах үйлсэд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.