Их Британийн биотехнологийн ‘AstraZeneca’ компани болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран бүтээж буй covid-19-ийн эсрэг вакцин 70 хувийн үр дүн үзүүлсэн билээ. Эцсийн шатны туршилтын явцад тунгийн алдаа гарч, хоёр өөр бүлэг хүмүүст хагас болон бүтэн тун вакцин хийхэд нэг нь 90 хувь, нөгөө бүлэгт нь 62 хувийн дархлаа тогтоосон учир дунджаар нь 70 хувийн үр дүн үзүүллээ гэж зарлаж байв. Тэгвэл тэд Оросын ‘Sputnik V’ вакциныг бүтээсэн эрдэмтэдтэй хамтран ажиллаж, цаашдын судлагаа, туршилтаа хийхээр болжээ. Тус вакциныг боловсруулагчдаас эхлээд Британийн талд хамтран ажиллах санал тавьсныг хүлээн авсан байна. ‘Он дуусахаас өмнө эхлүүлэх туршилтад 18-аас дээш насны хүмүүсийг сайн дурын үндсэн дээр оролцуулна. Судалгааг ОХУ-ын Н.Ф.Гамелейн нэрэмжит Үндэсний судалгааны төв, Оросын шууд хөрөнгө оруулалтын сан блон ‘Р-Фарм’-тай хамтран явуулахаар төлөвлөж байна’ гэж “AstraZeneca” компанийн цахим хуудсанд мэдээлжээ.
Дээрх хоёр вакциныг хоёуланг нь ‘SARS-CoV-2’ вирусний ‘S’ уургийг агуулсан, аденовирусний векторыг ашиглан бүтээсэн бөгөөд хамтран ажилласнаар илүү өндөр үр дүнд хүрнэ гэж найдаж буйгаа талууд мэдэгджээ. Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь “Sputnik V” вакцины талаар ихэд шүүмжлэлтэй мэдээ мэдээллийг нийтэлж байв. Харин одоо тус улсын эрдэмтэд Оросын эрдэмтэдтэй хамтрах болж байна. ОХУ-ын ‘Sputnik V’вакцин нь 90 хувийн дархлаа тогтоож буй тухай тус улсын эрх баригчид мэдээлсэн билээ.