ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр ‘Univision Mongolia’ компанийн төлөөлөлтэй уулзаж, иргэдээс хамгийн их ирдэг санал гомдлын хүрээнд ярилцаж, шийдвэр гаргасан байна. Тухайлбал багцыг автоматаар сунгадгаа болих, интернетийн хурдыг шалгаж шийдвэрлэх зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэжээ. Автомат сунгалтыг болиулахын тулд техникийн тохиргоо, захиалагчийн даалгаврыг өөрчлөх шаардлагатай байгаа тул тодорхой цаг хугацаа шаардагдахыг хэлж байна. Гэхдээ хамгийн хурдан хугацаандаа хийж гүйцэтгэхээ мэдэгдсэн байна. Хурлаас гарсан шийдвэрүүдийг багцалж авч үзвэл:
– Нийт санал хүсэлт, гомдол мэдээллийг төрөлжүүлэх, төрөлжилт тус бүрээр хэрэглэгчдэд хүрэх мэдээллийг бэлтгэн өөрийн сувгаар дамжуулан хүргэх ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх
– Үйлчилгээний багцын гомдолтой холбоотой санал хүсэлтүүдийг судлан бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөлтэй уялдуулан хэрэглэгчдэд хариу өгөх
– Гомдол гаргасан хэрэглэгчийн гэрээний дугаар, утасны дугаар тодорхойгүй байгаа тул ‘Юнивишн’-ийн гомдол хүлээн авах, сувгаар хандуулсаны үндсэн дээр тухайн хэрэглэгч тус бүрийн гомдлыг өөрсдийн системд шалган хариу өгөх
– Төлбөр бодогдох системээс 1/3 алхмыг халж, тухайн суваг болон багцыг идэвхжүүлсэн өдрөөсөө 30 хоног бодогдох системийг нэвтрүүлэхээр вендор компанид захиалга өгч хэрэгжүүлэх
– Хэрэглэгчид багцын төлбөр, төлбөр тооцох болон төлөх аргачлал, багцын сунгалтыг цуцлах зааврыг өөрийн сошиал хуудсаар дамжуулан мэдээлэх
– Интернэтийн хурдтай холбоотой мэдээлэл хүргэлтийг өөрийн сувгаар хэрэглэгчдэд хүргэх, интернэтийн хурдтай холбоотой гарсан гомдлыг өөрийн гомдол хүлээн авах сувгаар авч гомдол тус бүрийг шалган хэрэглэгчид мэдээлэх
– Автомат сунгалттай холбоотой мэдээлэл, сунгалтыг цуцлахтай холбоотой зааварчилгааг дахин боловсруулж хэрэглэгчид хүргэх
– Хэрэглэгч өөрийн идэвхтэй байгаа бүх багц, сувгийг цэнхэр дэлгэцээр хардаг функцийг нэвтрүүлэхээр боллоо.