АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2021 оны төсвийн төсөлд гарын үсэг зурсан тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн орлогч Жадд Дир ням гарагт твиттер хуудсандаа мэдээлсэн байна.
Нийт 2.3 их наяд ам.долларын хэмжээтэй энэхүү баримт бичигт цар тахалтай холбогдуулан эдийн засгийг эрчимжүүлэх 900 орчим тэрбум ам.долларын багц арга хэмжээг тусгасан юм.
“Ерөнхийлөгч Дональд Трамп яаралтай тусламж олгох болон коронавирустэй тэмцэхэд санхүүжилт олгох тухай 2021 оны есдүгээр сарын 30-нд дуусах санхүүгийн жилийн төсвийн төсөлд гарын үсэг зурлаа” гэж Дир мэдээлжээ.
Д.Трамп хуулийн төсөлд гарын үсэг зурснаар үндэсний эдийн засгийг эрчимжүүлэх багц хөтөлбөрийн хүрээнд америкчуудад олгох тусламж нь түүний өмнө нь эсэргүүцэж байсан 600 ам.доллар л байна гэдгийг үндсэндээ зөвшөөрч байна гэсэн үг юм. Гэсэн хэдий ч тэрбээр төсөвт гарын үсэг зурсны дараа шаардлагагүй гэж үзэж буй зардлыг төсвөөс хасаж, тусламжийг 2000 ам.долларт хүргэхийн тулд арга хэмжээ авна гэдгээ тодорхой хэлжээ. “Би төсөв болон коронавирустэй холбоотой багцад гарын үсэг зурж байгаа хэдий ч үрэлгэн зардлыг хасах хэрэгтэй гэсэн хатуу мэдэгдлийг Конгресст илгээж байна” гэж Трампын мэдэгдэлд дурдсан байна. Тэрбээр мөн иргэдэд олгох тусламжийг 600 ам.доллароос 2000 ам.доллар болгож нэмэгдүүлэх асуудлаар Төлөөлөгчдийн танхим даваа гарагт санал хураана” гэж онцлон тэмдэглэжээ.