Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жилийн ой өнөөдөр /2020.12.29/ тохиож байна. Жил бүрийн энэ өдрийг монголчууд бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг. УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар арванхоёрдугаар сарын 29-ны өдрийг “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” хэмээн “нийтээр тэмдэглэх тэмдэглэх баярын өдөр” болгон хуульчилж байв.Хуулийн дагуу жил бүрийн энэ өдрийг монголчууд бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхэн ойг угтаж жил бүр Богд хааны ордон музей эзэн хааныхаа түүхэн гавьяаг сурталчлан таниулах, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн юм. Мөн ойн хүрээнд чансаа өндөр бөхчүүдийн “Ерөнхийлөгчийн цом” барилдаан, Төрийн шагнал гардуулах ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай. Гэвч энэ жил дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хөл хорио тогтоон нийтийг хамарсан арга хэмжээг цуцалсан тул монголчууд энэ өдрийг анх удаа хөл хорионд тэмдэглэн өнгөрүүлэх нь.
Түүх сөхвөл, Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны 12 сарын 29-нд эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилсөн. Түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газар байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм.
Шинэ байгуулсан 5 яамны тэргүүн зэрэгт Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэх яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайдаар Чин ван Ханддорж, Сангийн хамаг хэргийг бүгд захирах яамны сайдаар Түшээт ван Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайдаар Эрдэнэ ван Намсрай ван нарыг тохоон томилжээ.
Бүгд Ерөнхийлөн Захирах яамыг 1912 оны 8 дугаар сард байгуулж сайдаар Сайн ноён хан Намнансүрэнг томилсон байдаг. Энэ үеэс Монголын тусгаар тогтнолыг бататгах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, гадаад улсуудтай элчин харилцаа тогтоох үндсэн зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.