38 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ, 36 НЬ БЗД-ИЙН ЭМНЭЛГИЙН ГОЛОМТООС ИЛРЭВ
Өчигдөр /2020.12.28/ нийт 14035 сорьцод шинжилгээ хийхэд 38 хүнд covid-19 илэрчээ. Шинэ тохиолдлуудын 36 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой. Үүнийг задалбал, сувилагч 2, үйлчлэгч 1, өвчтөн 6, сахиур 4, гэр бүлийн хавьталт 17, бусад 2 хавьтал тус тус батлагджээ. Нэг шинэ тохиолдол нь Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусны жолоочоос коронавирус илэрч, ойрын хавьтлуудыг тусгаарлаж, бусад хавьтлуудаас шинжилгээ авах ажиллагаа үргэлжилж байна. Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ажилтнаас коронавирус илэрсэн.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Нэгдсэн эмнэлгийн голомтот ойрын хавьтал болсон 682 хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээнээс 15 хүний шинжилгээний хариу эерэг гарсан гэсэн үг. Мөн сүүлийн гэр бүлийн хамааралтай сүүлийн 10 тохиолдлын ойрын хавьтал 124 хүнд шинжилгээ хийснээс 17 хүнд covid-19 илэрсэн. Нэгдсэн эмнэлгийн голомтот нийт хамааралтай 226 тохиолдол болсон. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 22, гэр бүлийн өвчтөн, сахиур 204 хүн байна.