Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавилаа.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар мэдээлэл өгөв.
2025 оны улсын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай, төсөвт тодотгол хийх тухай тогтоол баталсан нь хууль дээдлэх үндсэн зарчим зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн гэсэн хоёр үндэслэлээр бүхэлд нь хориг тавилаа.
Ерөнхийлөгч, улсын төсөв нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулах нөөц боломж, хуримтлал нэмэгдүүлэх, үнэ, ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болохыг тэмдэглэлээ.
Мөн гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмыг анхаарч, мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж, алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй гэж үзлээ.