ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Өчигдөр нийт 16975 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 13 хүнээс халдвар илэрлээ. Нийслэлд илэрсэн халдваруудын тохиолдлоос дурдвал, тусгаарлалтад байсан “Ачтан” эмнэлгийн нэг эмч, БГД-ийн дөрөвдүгээр хорооны батлагдсан тохиолдлын хавьтал гурван гэр бүлийн долоон хүн, батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн, БЗД-ийн 17-р хорооны батлагдсан тохиолдлын гэр бүл, хөрш дөрвөн хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотод голомтлон гарсан халдварын нийт тохиолдол 643 боллоо. Бусад зургаан аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагт цэргийн төв эмнэлгээс 18, ХӨСҮТ-ээс 20 хүн эдгэрч, Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү шилжсэн. Монгол Улсад батлагдсан Covid-19 халдварын нийт тохиолдол 1469. Үүнээс эдгэрсэн 909. Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг, ХӨСҮТ-д нийт эмчлэгдэж байгаа 549 хүн байна. Дээрх хүмүүсээс биеийн байдал хөнгөн 449,хүндэвтэр 87, хүнд 12, маш хүнд нэг хүн байна.
“Ачтан” эмнэлгийн халдварын голомтыг хумихаар ажиллаж байна. Тус эмнэлэгтэй холбоотой нийт халдварын тохиолдол 48 болсон. Үүнээс эмнэлгийн ажилтан 22, гэр бүлийн болон бусад хавьтал 26 байна. Нийслэлд “Мөнххада” компанийн ажилчдын гэр бүл болон “Тэнүүн-Огоо” ХХК-тай холбоотой түүнээс улбаатай халдварууд идэвхтэй хэвээр байна. Эдгээрээс улбаатай халдвар гэхэд БГД-ийн 4-5 байранд голомтлон гарсан. Халдварын батлагдсан тохиолдол, ойрын хавьтлуудыг тусгаарласан.
БЗД-ийн 17-р хорооны 3-4 гэр бүлийн арав гаруй хүн халдвар авсан. Дээрх хорооноос улбаалан тус дүүргийн есдүгээр хороонд 2-3 гэр бүлийн хүмүүс өвчилсөн. Үүнтэй холбоотойгоор БЗД-ийн 17-р хороонд голомтын илрүүлэг шинжилгээг өнөөдрөөс эхлэн хийнэ. Дээрх шинээр үүссэн халдварын голомтын цаана олон хүнийг хамарсан ААН-үүд бий.
Тухайлбал, “Алтан жолоо импекс” ХХК-ийн нэг ажилтан халдвар авсан учраас тус компанийн төв оффисын ажилчдаас шинжилгээ авч 47 хүнийг тусгаарласан. Мөн БЗД-ийн 17-р хорооны гурван ажилтан халдвар авсан. Харуул хамгаалалтын хоёр компаниас халдвар илэрч 6-10 хүнийг тусгаарласан.
БГД-ийн 5,6 хороонд 20.000 гаруй мянган хүнд шинжилгээнд хамруулахад голомтоос найман тохиолдол илэрсэн бол өргөжүүлж хийсэн шинжилгээнд дөрөвдүгээр хорооноос зургаан хүнээс халдвар илэрсэн. Бусад хүмүүсийн дунд халдвар илрэх нь харьцангуй гайгүй байна. Үргэлжлүүлэн БЗД-ийн 9, 17-р хороонд шинжилгээ хийнэ. Гадуур халдварын нэг, хоёрдугаар хавьтал явж байгаа учраас иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.