Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барилгын салбарынхантай уулзаж байна.
Тэрбээр уулзалтын эхэнд залуу гэр бүлийг хэрхэн орон байртай болгох вэ гэдэг асуудалд Засгийн газар, хувийн хэвшлийнхэнтэйгээ хэрхэн хамтарч ажиллаж талаар болон төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд хэрхэн гаргаж болох зэрэг асуудлаар ярилцахаа онцоллоо.
Мөн “Орон сууцтай болгоё гэж зорьсон айлууд нь орон сууцтай болж чадахгүй. Нэг өрөө байртай хүн хоёр өрөө байртай, хоёр өрөөтэй нь гурван өрөө байртай болох хөдөлгөөн статистик дээр ажиглагддаг юм байна. Тиймээс бидний хувьд энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.
Дэд бүтцийн асуудлыг шийдэхгүй бол аж үйлдвэржсэн орон болохгүй.
Тэр утгаараа Залуус 1, 2, 3 дугаар хорооллыг туршилт байдлаар хиймээр байна. Ингэхдээ хоёр хорооллыг нь Улаанбаатар хотод аль нэг хорооллыг нь орон нутагт хийж үзэхийг Засгийн газрын зүгээс хүсэж байна” гэлээ.
Монголбазальт ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболд “Сүүлийн 10 жилд барилга угсралт, бүтээн байгуулалтын салбарын хэмжээ 10.3 дахин нэмэгдсэн. Гэтэл боловсруулах үйлдвэрийн салбартаа эзлэх жин нь 2.5 хувиар буурсан. Үйлдвэрүүд ядаж жилийн 350 хоногт ажиллаж байж үнэ тогтвортой байдаг. Гэтэл үйлдвэрүүд дунджаар 100-150 хоног ажиллаж байна. Төр өөрөө том худалдан авагч. Монголоосоо авах боломжтой бүтээгдэхүүнүүдийг авалгүйгээр 600 орчим тэрбум төгрөгийн худалдан авалтыг гаднаас авсан. Энэ жил тендерийн хуульд өөрчлөлт оруулахыг хүсэж байна. Ихэнх үйлдвэр, компани өртэй байгаа” гэлээ.