Замын түгжрэлийг бууруулах үүднээс замын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил олон жил үргэлжилж буй. Гэвч ачилтын компаниудтай холбоотой иргэдийн гомдол, шүүмжлэл, маргаан тасардаггүй. Ялангуяа автомашиныг ачихаас өмнө жолоочид нь мэдэгдэхгүй, журамлах асуудал өдөр бүр гардаг.
Хөл хорионы дэглэмийг сулруулсан энэ өдрүүдэд Цагаан сарын баярын бэлтгэлээ базаах гэсэн иргэдийн зорчих хөдөлгөөн ч ихсээд байгаа юм. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 140 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Иргэдийн зорчих хөдөлгөөн “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Хүчит шонхор” зэрэг томоохон худалдааны төвүүдийн чиглэлд нэмэгдэж, замын ачаалал эрс нэмэгдэх болжээ. Үүнийг дагаад журамлаж буй автомашины тоо хоёр дахин нэмэгдсэн байна.
Оны өмнө өдөрт дунджаар 100-150 автомашин журмын хашаанд ордог байсан бол өнөөдрийн байдлаар ачилтын 15 компани өдөрт 200-250 автомашин журамлаж буйг холбогдох албаны хүмүүс хэлж байв. Нөгөө талаас автомашин ачих явцад үүсэх эвдрэл, гэмтлийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал өнөөдөр ч анхаарал татсаар байгаа юм.
Уг харилцааг 2015 онд батлагдсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-аар зохицуулдаг байв. Журмыг 2019 оны зургадугаар сарын 7-ны өдөр шинэчлэн баталсан бөгөөд ачих явцад тээврийн хэрэгслийн эзэн ирсэн бол хүлээлгэн өгөх заалт оруулан мөрдөж буй. Мөн энэхүү журмаар машины эвдрэл, гэмтлийг тухайн машин даатгалаараа шийдүүлдэг болсон гэх мэдээлэл бий.
Хэрэв автомашиныг ачих явцад эвдрэл, гэмтэл үүссэн бол хохирлыг тухайн ачилтын компани хариуцна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Энэ тухай журамд тусгасан ба ачилтын үйлчилгээ үзүүлж буй тохиолдолд автомашиныг аюулгүй тээвэрлэхээр тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байх ёстойг онцолсон билээ.
Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатарын хэлснээр, тээврийн хэрэгслийг ачих явцад гэмтэл гарвал үйлчилгээ үзүүлж буй компанийн эрсдэлийн даатгалаас хариуцах аж. Тэрбээр “Улсын нэг, хувийн 14 компани зориулалтын ачигч, чирэгч машин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх ажил гүйцэтгэж байна. Тухайн компани бүрт эрсдэлийн даатгалын үйлчилгээ байдаг. Тиймээс тээврийн хэрэгслийг ачих явцад эвдрэл, гэмтэл гарвал үйлчилгээ үзүүлж байгаа компанийн Эрсдэлийн даатгалын сангаас хохирлыг төлнө.
Хууль зүйн сайдын баталсан журамд автомашиныг ачихын өмнө иргэдэд мэдэгдэнэ гэсэн зохицуулалт байхгүй. Автомашиныг ачихаас өмнө гурван удаа чанга яригчаар мэдээлнэ. Харин зөөвөрлөсний дараа аль автомашин түр саатуулах журмын хашаанд орсон талаарх мэдээллийг автомашины шил дээрх иргэдийн гар утсанд мэдэгддэг” гэв.
Автомашинаа даатгуулаагүй болон даатгалын хугацаа нь дуусч буй автомашины жолооч тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн тохиолдолд хохирлыг Эрсдэлийн даатгалын сангаас гаргуулж болох аж. Ингэснээр эрсдэлийн даатгалын сангаас гарсан зардлын төлбөрийг жолооч нэг жилийн хугацаанд эргүүлэн төлөх боломжтой юм байна.