УИХ-ын 2020 оны намрын чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталсан билээ. Түүнчлэн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Уг тогтоолын төсөлд зааснаар Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 25-наас эхлүүлж, санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-нд тогтсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай улс төрийн нам дангаараа эсхүл хамтран нэг хүнийг нэр дэвшүүлнэ хэмээн хуульд заажээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог болно. Тойрог нь дотроо хэсэгт хуваагдана. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэд санал өгдөг онцлогтой.
Мөн хандивын тухайд иргэн гурван сая хүртэл, хуулийн этгээд 15 сая төгрөг хүртэл хандив өгөх боломжтой юм байна.
Сонгогчийн саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэлээ ашиглана, УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг хамт явуулах болсон зэрэг нь энэ удаагийн сонгуулийн онцлог юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой цаг хугацаа дурдсан заалтуудыг танилцуулж байна
8.1.Монгол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.
11.1.Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлана.
16.1.Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг гадаадад санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон тав, эсхүл долоон гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.
19.4.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон сонгуулийн хэсэг бүрээр нь нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байрлуулна.
19.12.Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.
19.15.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг тус бүрээр санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно.
20.1.Гадаад улсад байгаа иргэд нь гадаадад санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 20 хоногийн хугацаанд өөрийн байгаа улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ.
25.1.Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ.
26.1.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана.
26.3.Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:
- 26.3.1.төрийн жинхэнэ албан хаагч;
- 26.3.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан;
- 26.3.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал;
- 26.3.4.Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн.
28.7.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.
28.10.Авлигатай тэмцэх газар нь нийт нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг өөрийн байгууллагын цахим хуудсанд санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нээлттэйгээр байршуулна.
31.2.Нэр дэвшигчийг энэ хуульд заасны дагуу нийтэд мэдээлсэн өдрөөс эхлэн төрийн хамгаалалтад авна.
33.5.Нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад санал авах өдрөөс 37-оос доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ. Уг хугацааг хоцроосон мөрийн хөтөлбөрт Төрийн аудитын дээд байгууллага дүгнэлт гаргахгүй.
33.6.Төрийн аудитын дээд байгууллага нь нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 34-өөс доошгүй хоногийн өмнө гаргах бөгөөд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцээгүй тохиолдолд нэг удаа засах боломжийг олгосны үндсэн дээр дүгнэлтээ эцэслэн гаргаж Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
33.7.Төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнөөс эхлэн өөрийн байгууллагын цахим хуудсанд нээлттэйгээр байршуулна.
34.1.Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.
36.2.Ухуулах хуудсыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтоож, нийтэд мэдээлнэ.
45.1.Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн 3 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө энэ хуулийн 45.2-т заасан аргачлалын дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ.
49.1.Мөнгөн хандив нь иргэний хувьд гурван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд арван таван сая төгрөг хүртэл байна.
52.3.Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.
53.1.Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд мэдээлнэ.
55.2.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.
56.1.Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00 цагаас 22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.
57.1.Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон санал авах өдөр, тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагаас 22:00 цаг хүртэлх хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд авна.