Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ тасралтгүй өсөж байна.
Цар тахалтай холбоотойгоор 2020 онд дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ буурсныг та бүхэн мэднэ. Тус оны нэгдүгээр сард 70 гаруй ам.доллар байсан Брэнт маркийн газрын тосны үнэ эрчимтэй унаж, дөрөв, тавдугаар сард 18 ам.доллар болсон. Манай улсын импортоор авдаг бүтээгдэхүүний,
- 95 орчим хувь нь ОХУ- аас /дийлэнхийг нь Роснефт компаниас/
- 5 орчим хувь нь БНХАУ, БНСУ зэрэг улсаас нийлүүлэгддэг.
2020 оны тавдугаар сарын үед АИ-92 автобензиний хил үнэ хамгийн доод түвшиндээ буюу нэг тонн нь 202 ам.доллароор орж ирсэн.
Энэ үед төрөөс үнийг тогтвортой байлгах Хэджингийн гэрээг анх удаа хийсэн. Тэр утгаараа өнгөрсөн оны наймдугаар сар хүртэл 400 ам.доллар дээр үнээ барьсан (зургадугаар сар 399 ам.доллар, долдугаар сард 416 ам.доллар, наймдугаар сард 431 ам.доллар болж өссөн) учраас тухайн үед АИ-92 автобензиний үнэ 1,450 төгрөг (50 төгрөг нь ханшийн зөрүү) байсан.
2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд Хэджингийн гэрээний хугацаа дууссан. Өнөөдрийн байдлаар АИ-92 автобензин 1,450 төгрөг орчим үнэтэй байна.
Гэсэн ч бид АИ-92 автобензиний үнийг өсгөхгүй байхад анхаарах мэдэгдлийг ААН-үүдэд хүргүүлж байгаа. Хэрэв өсгөвөл хуулийн дагуу шат дараалсан арга хэмжээ авна. Энэ нь гэхдээ төрөөс шууд дарамт үзүүлнэ гэсэн үг биш. АМГТГ-аас үнэ өсөхгүй байх боломж бий гэж харж байгаа. Тухайлбал,
- АИ-92 автобензин улсын хэмжээнд 30 гаруй хоногийн нөөцтэй. Энэ нь нөөцийг өнгөрсөн жилийн 10,11 сард 400 ам.доллароор буюу хямд үнэтэй байхад нь авсан бүтээгдэхүүн.
- Бүтээгдэхүүн нь тухайн сарын 10-наас хойш орж ирдэг. Тухайлбал, хоёрдугаар сарын 531 ам.долларын үнэтэй бүтээгдэхүүн нь хоёрдугаар сарын 10-наас хойш орж ирнэ.
– Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад борлуулалт ямар байсан бэ?
– 2019 онд хоёр сая тонн гаруй газрын тосны бүтээгдэхүүн орж ирсэн. 2020 онд сая 940 гаруй мянган тонн буюу өмнөх оноосоо 60-70 мянган тонноор буурч орж ирсэн. Өнгөрсөн жил коронавирусийн халдвартай холбоотойгоор импортын хэмжээ буурна гэж харсан боловч харьцангуй буураагүй. Шалтгаан нь
- Дизель түлшний борлуулалт өмнөх жилүүдээс бууруугүй. Учир нь уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлийн үйл ажиллагаа ерөнхийдөө хэвийн явсан гэсэн үг.
- Мөн гадагшаа нислэг байгаагүй ч дотоодын аялал жуулчлал нэмэгдсэн гэх мэт.