Япон улсын Засгийн газар Ганцаардалттай тэмцэх яам байгуулсан талаар саяхан мэдээлсэн билээ. Тус яам нь орон даяар хүн амын тооллого явуулахаар болсон ба ингэхдээ давхар ганц бие хүмүүсийн тоог гарган, тэдэнд чиглэсэн тусгай бодлого хэрэгжүүлж ажиллахаар болсон байна.
Бүс нутгийн хөгжлийн сайд Тэцүши Сакамото дээрх яамыг давхар удирдахаар болсон ба түүний хэлснээр дээрх байгууллага нь ганцаараа амьдардаг, гэр бүлгүй хүмүүсийн асуудлыг зохицуулаад зогсохгүй ялангуяа залуусын дунд ихэсч буй амиа хорлоход хүргэдэг ганцаардал, сэтгэл гутралын асуудлыг шийдвэрлэх аж. Японд ганцаардлын асуудал цар тахлын үед улам хурцдаж байгаа юм.
Тус улсын иргэд нийгмийн амьдрал хязгаарлагдсан энэ үед сэтгэл зүй, нийгэм, эдийн засгийн олон асуудалтай нүүр тулж, энэ байдал нь цаашлаад амиа хорлоход хүргэж буй нь эрх баригчдын санааг зовниж байгаа аж. Японд 2020 онд амиа хорлосон хүмүүсийн тоо сүүлийн 11 жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн байна. Өнгөрсөн онд нийт 21 мянга гаруй хүн амиа хорлосны дийлэнх нь эмэгтэйчүүд байжээ.