Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хувьсах зардал болон сургалтын төлбөрийн асуудлаар өнөөдөр /2021.04.02/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр Цар тахлын хуульд боловсролын салбартай холбоотой гурван заалт бий. Нэгдүгээрт, өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, сургалтын болон дотуур байрны төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх журам батлах. Хоёрдугаарт,хичээлийн хоцрогдлыг арилгах, гуравдугаартхичээлийг танхимаар бус цахимаар зохион байгуулсан тохиолдолд сургалтын чанарыг алдагдуулахгүй байх чиглэлийг Засгийн газраас өгсөн. Тиймээс бид их дээд сургуулиудын төлбөрийн уян хатан нөхцөлөөр сар бүр төлбөрөө авч байх, хичээл сонголт баталгаажуулахад урьдчилсан төлбөр шаардахгүй цуцлахгүй байх, дотуур байрны төлбөрийг буцааж олгох гэсэн чиглэлээр журмын хэрэгжилтийг хангаж ажилласан.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 88 их дээд сургуульд 147293 оюутан суралцаж байна. Үүнээс 20863 суралцагч сургалтын төлбөрийн хөнгөлөлт, зээлэнд хамрагдсан. Хувийн сургуульд суралцаж байгаа 9700 суралцагчдад 50-100 хувийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Нийт 71 дотуур байранд 11359 оюутан амьдарч байна. Үүнээс дотуур байрны төлбөрөө сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд шилжүүлсэн 1100 хүүхэд байгаа бөгөөд төлбөрөө 2567 хүүхэд буцааж авсан. Төлбөрөө дараагийн улиралд шилжүүлсэн 4642 хүүхэд байна.
Ерөнхий боловсролын өндөр төлбөртэй сургуулиудад хувьсах зардал өгөхгүй. Үүнд 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй хувийн сургууль хамаарна. Хувийн сургуулиудад жилд 17.9 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгодог. Улсын хэмжээнд 5-10 сая төгрөгийн төлбөртэй 24 сургууль бий. Таван сая төгрөгөөс доош төлбөртэй сургуулиудад хувьсах зардлыг олгохдоо цахим хичээлийн ирцийн гүйцэтгэлийг яам хянах, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан тайланг авах, ерөнхий боловсролын сургуулийн хувьд сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн байдлыг үндэслэнэ.
Таван сая төгрөгөөс доош төлбөртэй сургуулиудтай Covid-19 халдвар гарахаас өмнөх сургалтын төлбөрөөс таван хувийн хөнгөлөлт үзүүлэх тохиролцоонд хүрсэн. Учир нь төрөөс өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх сургуулиудын цахилгааны төлбөрийг долдугаар сарын 1 хүртэл хөнгөлсөн. Энэ нь төлбөрөөсөө хамаараад нэг сурагчид 100-300 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Төр дээрх хөнгөлөлтийг үзүүлсэн учраас төлбөрөө хөнгөлөх тохиролцоонд хүрсэн.
Шинэ журамд батлагдсанаар өмчийн хэлбэр харгалзахгүй бүх сургуулиудад дараах журмыг хүргэсэн. Үүнд
- Их дээд сургууль, коллежийн оюутнаас урьдчилсан төлбөр авах шаардлага тавихгүй байх,
- Анги дэвших болон төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалт, хичээл сонголтыг цуцлахгүй байхыг үүрэг болгосон.
Тиймээс хичээл танхимаар эхэлсэн тохиолдолд хичээл сонголтоор барьцаалж сургалтын төлбөрийг авдаг тогтолцоо өөрчлөгдөнө. Хэрэв дээрх журмыг биелүүлээгүй зөрчсөн Ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудад Боловсролын яам хатуу хариуцлага тооцно. Хувьсах зардлыг нь өгөхгүй. Цаашлаад тусгай зөвшөөрлийг нь цуцална. Журам зөрчсөн сургуулийг эцэг эхчүүд яаманд мэдэгдэх хэрэгтэй.
Хичээлийн хоцрогдол их байгаа учраас 5, 9, 12 дугаар ангийн хүүхдүүдэд түлхүү анхааран ажиллахаар болсон ба танхимаар давтлага хийхээр болсон. Мөн арванхоёрдугаар ангийн хүүхдүүд IELTS, TOEFL-н шалтгалт өгөх нөхцлийг бүрдүүлнэ
Өнөөдөр 88 их сургуульд 3300 хөтөлбөр байдгаас магадлан итгэмжлэсэн нь цөөхөн. Сургуулиуд кредитээ шилжүүлж ажиллахаар болсон. Энэ жилийн хувьд сургуулиуд өмнөх шигээ оюутнуудаа авна. Өөрчлөлтөд бэлтгэл хэрэгтэй учраас үе шаттайгаар явна.