Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2021.05.25) мэдээллээ хийлээ.
Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:
-Сүүлийн 24 цагт Covid-19-ийн 634 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 53 734 тохиолдол боллоо. Улаанбаатарт шинээр 589, хөдөө орон нутагт 45 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагийн дотор 608 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Мөн хоёр хүн нас барлаа. 75 настай эрэгтэй Булган аймагт, 63 настай эмэгтэй нас барлаа.
Одоогоор хөнгөн 2107 иргэн, хүндэвтэр 1518 иргэн, хүнд 458 иргэн, маш хүн 120 иргэн нийт 4243 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тундаа 1 836 501 хүн, хоёрдугаар тундаа 827 513 хүн тус тус хамрагджээ. 18-19 насны иргэд вакциндаа муу хамрагдаж байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотой Эрүүл мэндийн яамнаас Сонгуулийн ерөнхий хороонд заавар зөвлөмжүүдийг хүргүүлсэн.
Энэ үеэр “Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэг мэдээлэл өглөө.
Олон улсад жирэмсэн эхийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж байна. Гэхдээ эмчийн тодорхой заалтын дагуу вакцинжуулалт хийнэ. Энэ заалтанд:
- Өндөр эрсдэл бүхий эрүүл мэндийн суурь эмгэгтэй бөгөөд Covid-19 халдвартай тохиолдолд маш хүндээр өвчлөх эрсдэлтэй жирэмсэн эхчүүд
- Жирэмсэн эх нь Covid-19-ийн халдварт өртөх эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа тохиолдолд
- Биеийн жингийн илүүдэлтэй жирэмсэн эхчүүд
- Ахимаг 35 наснаас дээш жирэмсэн эхчүүд
- Жирэмсэн үеийн чихрийн шинжтэй эмэгтэйчүүд
Дархлаажуулалтыг хийх жирэмсний хугацаа: Жирэмсний 14 долоо хоногоос 36 долоо хоногийн хооронд хийнэ.
- Эхний тун – 14 долоо хоногоос дээш хугацаанд
- Хоёрдахь тун – 36 долоо хоногоос өмнө хийсэн байна.
Хоёрдугаар тунгаа 36 долоо хоногоос өмнө авч чадаагүй бол төрсний дараа 42 хоногоос хойш хийнэ. Жирэмсний 36-40 долоо хоногийн хугацаанд Covid-19 халдварын эсрэг вакцин хийхгүй. АНУ-д жирэмсэн эхчүүдэд вакцин хийлгэхийг зөвлөж байгаа бол Хятад улсад эрсдэл өндөр бүст амьдарч байвал хийлгэхийг зөвшөөрч байгаа. Харин АстраЗенека, Спутник-V вакцинуудыг жирэмсэнд хүнд хийхийг хориглож байгаа. Монгол улсад одоогоор жирэмсэн эхэд вакцин хийнэ гэж шийдээгүй байгаа.