Өнөөдөр орой 17.30 минутаас МҮОНТВ-ээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн болох товтой байсан ч цуцлагдаж байгаа талаар МҮОНТВ-ийн удирдлагууд мэдээллээ.
Учир нь ХҮН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Д.Энхбат коронавирусийн халдвар авсан бөгөөд одоогоор Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Нэр дэвшигчдийн дунд бодлогын мэтгэлцээн өрнүүлдэг журамтай төдийгүй МҮОНРТ зохион байгуулдаг. Үүний дагуу МҮОНРТ-ээс 170 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр долоо хоногийн турш ажилласнаар бэлтгэлээ бүрэн хангасан байжээ. Тэдний мэдээлснээр МАН, АН, ХҮН-ын зүгээс мэтгэлцээн өрнүүлэх хүсэлтэй байсан бөгөөд талууд гурван ч хувилбарыг ярилцсан байна. Тодруулбал, МАН, АН-ын нэр дэвшигчид МҮОНРТ-ийн байрнаас, харин Д.Энхбат эмнэлгийн өрөөнөөсөө мэтгэлцээнд оролцох. Хоёрдугаарт, Д.Энхбатыг телевизийн байранд хүргэж, онлайнаар мэтгэлцүүлэх, гуравдугаарт, МАН, АН-ын нэр дэвшигчдийг Д.Энхбатын хэвтэн эмчлүүлж буй эмнэлэгт аваачин, тусгай бүхээгт байрлуулан мэтгэлцэх зэрэг хувилбарыг ярилцсан байна. Гэвч Д.Энхбатыг эмчилж буй эмч нарын зүгээс “Халдвар авсан иргэнийг телевизийн байр луу зөөвөрлөх боломжгүй. Мэтгэлцээн багадаа хоёр цаг ба түүнээс дээш хугацаанд үргэлжлэх учраас нэр дэвшигчийн биеийн байдалд эрсдэлтэй. Онлайнаар мэтгэлцээн явуулах тохиолдолд шууд дамжуулах оператор, инженер, техникийн ажилчид хамгаалалтын битүү хувцсыг заавал өмсөх шаардлагатай бөгөөд энэ нь халдвар авсан хүний биед сөргөөр нөлөөлөхөөс гадна мэтгэлцээнийг олон нийтэд хүргэх телевизийн маш олон ажилчдыг эрсдэлд оруулна. Мөн эмнэлгийн улаан бүсэд гаднаас хүмүүс олноор оруулах боломжгүй” гэх тайлбарыг өгчээ. Иймээс нэр дэвшигчдийн мэтгэлцээн цуцлагдаж байна.