Сангийн сайд Б.Жавхлан “ Энэ оны төсвийн орлого тавдугаар сарын 31-ний байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ нь өнөөгийн нөхцөл байдалд чамлахааргүй үзүүлэлт. Төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх чиглэлээр боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулсан. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн “Ажлын байрыг дэмжих 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хэрэгжилт”-ийн үр дүнд эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 2019 оны суурь гүйцэтгэлээс зарим үзүүлэлтүүдээрээ давсан. Энэ жил экспортуудын гол түүхий эдүүдийн үнэ монголд таатай байсан нь эдийн засагт эерэгээр нөлөөллөө.
Өнгөрсөн зургадугаар сарын хугацаанд Covid-19 халдварын улмаас хүнд нөхцөл байдалтай байсан хэдий ч урт хугацааны сунжирсан хатуу хөл хорио барилгүй байсны үр дүнд эдийн засгийн гол үзүүлэлтүүд эерэг гарсан. 2021 оны эхний таван сарын байдлаар “E-Barimt” системд бүртгэлтэй ААН-үүдийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 25.0 хувиар өссөн байна.
Үүнийг 2019 оны мөн үетэй харьцуулахад дөрвөн их наяд төгрөгийн абсолют дүнгийн өсөлттэй гарсан. Үүнд, эдийн засгийг идэвхжүүлэх, 10 их наяд төгрөгийн бодлогын арга хэмжээ, иргэн бүрт олгосон 300 мянган төгрөг болон хүүхдийн мөнгө зэрэг нь нөлөөлсөн.
Тэрбээр “1.5 тэрбум төгрөгөөс дээш борлуулалттай ААН-үүд 2019 оны суурьтай нь харьцуулахад 13 хувиар өссөн. 2020 онтой харьцуулахад 33 хувийн өсөлттэй эдийн засгийн нааштай үр дүнгүүд гарч байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн гурван төрлийн зээл буюу ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл, Төв банкны репо санхүүжилт болон ипотекийн зээл эерэг үзүүлэлт гарахад нөлөөлсөн. Тухайлбал, эдгээр зээлүүдийн хүүний зөрүүн дээр иргэдэд өгч байгаа хөнгөлөлтийн нийт зардал одоогоор 94 орчим тэрбум төгрөг болсон байна. Үүнээс зөвхөн төсөвт орж ирэх НӨАТ-ын орлого 150 тэрбум төгрөг байна. Хэрэв 10 их наяд төгрөгийн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол банкны системийн зээл өнгөрсөн оныхоос бууралттай гарах байсан. Энэ жил нийтдээ дор хаяж таван их наяд төгрөгийн зээл дээр дурдсан гурван төрлийн сувгаар гарах ёстой. Одоогоор 50 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Бид төсвийн тодотгол хийдэг хуультай. Тодотгол хийх төсвийн хуульд таван нөхцөл байдаг.
Одоогоор төсвийн тодотгол хийх эдийн засгийн нөхцөл байдал бүрдээгүй. Долдугаар сарын 1-нд найман төрлийн халамжийн дэмжлэг дуусгавар болно. Эдгээр дэмжлэгүүдээс алийг нь үргэлжлүүлэх, алийг нь цуцлах вэ гэдэг шийдвэрээс шалтгаалж төсөвт тодотгол хийх эсэх нь шийдэгдэнэ.
Цаашид эрүүл мэндийн салбарт илүү их хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзвэл тэр хэмжээнд төсөв дотроо зохицуулалт хийх боломжууд бий. Урьдчилсан нөхцөл байдлаар дулаан, цахилгаан, хог, усны чөлөөлөлтүүдийг долдугаар сарын 1-нд зогсоож, хүүхдийн мөнгөөр дамжуулж өрхийн орлогыг дэмжих хөнгөлөлтийг үргэлжлүүлэх шийдвэрийг төсвийн орлоготой уялдуулж гаргана. Цаашдаа бид халамжаас хөдөлмөр рүү шилжих ёстой. Олон давхардсан халамжуудаас татгалзаж бодит хөдөлмөрийн үнэлэмж дээр суурилсан төсвийн шинэчлэл рүү явна. Гэхдээ энэхүү бодлогын шилжилтийг хийхдээ нийгмийн эмзэг хэсгийг орхихгүй.
ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД 2021 ОНД ТАВИГДСАН ТЕНДЕР НЬ ЗАРЛАГДААГҮЙ, ГАЗАР НЬ ШИЙДЭГДЭЭГҮЙ 61 ТӨСӨЛ БИЙ
Аль нэг бараа үйлчилгээний үнэ савлах бүрд Засгийн газраас үнийг нь хүчээр хямдруулаад, зөрүүг нь төсвөөр төлж татвар төлөгчдийн нуруун дээр авчраад байж болохгүй. Үүнийг зах зээлийн горимоор нь явуулах хэрэгтэй. Гагцхүү судалж үзээд зах зээлийн бус нөлөө байгаа эсэхийг харах хэрэгтэй. Дамлан зарж байгаа, монополь болж байгаа дээр зохицуулалт хийнэ. Харин суурь үнэ зах зээлийнхээ жамаар явна. Монголд төдийгүй дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнэ өсч байгаатай холбоотой металл хийцийн үнэ өсч байна. Бид үүнд нөлөөлж чадахгүй. Шингээхээс өөр аргагүй.Харин тээвэрлэлтийг хэрхэн дэмжих талаар бодлогоор дэмжиж болно. Тухайлбал, цементийн дотоодын үйлдвэрийг дэмжсэнээр дотоодын зах зээлээ 100 хувь хангадаг болсон. Үүний үр дүнд арматурын үнэ нэмэгдэхэд цементийн үнэ нэмэгдээгүй.
Төсвийн шинэчлэлийн хүрээнд 2021 онд тендер нь зарлагдаагүй, газар нь шийдэгдээгүй 61 төсөл бий. Эдгээрийг зогсоох талаар Засгийн газар ярилцаж байна. 2022 оны төсвийг батлахдаа шинэлэг байдлаар хандана.
Энэ жил 42 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн. Тавдугаар сарын 31-ний байдлаар 8.7 сая буюу өмнөх жилээс хоёр дахин бага гарсан. Машины тооны хувьд өдөрт 200-300 орчим гарч байна.