Худалдаа хөгжлийн банкны “Шангрила” дахь салбараас тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй 13 хүнтэй бүлэглэн хуурамч бичиг баримтаар үйлчлүүлж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан. Энэ хэрэгт цагдаагийн байгууллагаас 13 хүнийг сэжигтнээр тооцож, мөрдөн шалгаж байгаа юм. Цагдаагийн байгууллагын мэдээллээр
-Сэжигтнүүдээс мэдүүлэг авч, мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Нийт хоёр сая ам.доллар залилсан гэх хэрэгт холбогдох материал болон албаны эх сурвалж, сэжигтнүүдээс байцаалт бүрэн авч дууссаны дараа гэм буруутай эсэх нь тогтоогдоно. Одоогоор нийт мөнгийг олсон эсэх талаар хэлэх боломжгүй.
Худалдаа хөгжлийн банк руу ямар нэгэн мөнгөн шилжүүлэг хийгдээгүй байгаа. Машинаас олдсон их хэмжээний мөнгө энэ хэрэгтэй холбоотой эсэхийг мөн л мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхойлно. Одоогоор хэн нэгэн сэжигтэнд ял оноосон зүйл байхгүй байна.
Гэм буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу холбогдох хариуцлагыг хүлээх үүрэгтэй. Эрэн сурвалжлагдаж байгаад баригдсан сэжигтнүүдийн тухайд залилсан бүх мөнгөө биедээ авч явж байсан гэдэг мэдээлэл худал. Хэрэв машинаас олдсон 1.1 сая ам.доллар энэ хэрэгтэй холбоотой нь тогтоогдвол үлдсэн мөнгийг нь хаана, хэрхэн зарцуулсан зэрэг асуудал үүснэ. Тиймээс бид мөрдөн байцаах явцын талаар дэлгэрэнгүй хэлэх боломжгүй. Өнөөдрийн байдлаар тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэн нэгэн нь мэдүүлгээс татгалзсан, зугтсан асуудал гараагүй.
Гол сэжигтнүүдийн нэг Б.Бямбадорж өмнө нь залилангийн хэргүүдэд холбогдож байсан талаар хэвлэлүүд нийтэлсэн байсан. Тухайн этгээдийг 2019 онд итгэмжлэх ашиглан нэг банкны харилцагч БНХАУ-ын иргэний данснаас нэг тэрбум гаруй төгрөг залилсан. Батлан даалтад байх хугацаандаа дахин хэрэг үйлдсэн нь үнэн бол ямар шийтгэл ногдуулах талаар иргэд сонирхож байна. Хэдийгээр сэжигтэн ч гэсэн бидэнд хувь хүний нууцад хамаарах мэдээлэл болох ял шийтгэл эдэлж байсан үгүйг хэлэх боломжгүй. Буруутай нь тогтоогдсон тохиолдолд хуулийн дагуу л зохих ял шийтгэлээ авна .