Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр /2021.10.15/ “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган” Төрийн ордонд болж байна. Чуулганаар дээрх байгууллагуудын бие даасан, хараат бус байдалд тулгамдаж буй бэрхшээл, асуудлыг судалж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн төлөө шударга, хараат бус шүүх, прокурорын шинэчлэлийг хэрэгжүүлэх шийдэл, арга хэмжээг тодорхойлох юм.
Нээлтийн үеэр Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ:
-Нийгэмд цэнгэг ус, цэвэр агаар мэт үгүйлэгдэж буй зүйл бол нийгмийн шударга ёс юм. Шударга ёс тогтсон тэр л нийгэмд эрх чөлөө, хүсэл тэмүүлэл, ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдардаг. Ийм нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсч мөрөөдөж, та биднээс шаардаж байна. Тиймээс өнөөдөр “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган”-ыг зохион байгуулж байна. Монголын ард түмэн, олон нийтийн зүгээс хууль шүүхийн байгууллагын шударга бус байдлыг шүүмжилж, шүүх эрх мэдэлд итгэх итгэл алдарсан талаар олонтаа ярьдаг боллоо. Хүний хувь заяаны асуудлыг шийдэж, зөв бурууг дэнсэлж, үнэн зөвийг тогтоодог хуульчид өөрсдөө хуулиа зөрчиж ёс зүйгүй авирлаж, биеэ зөв авч явахгүй байгаа нь ард иргэдийн бухимдлыг төрүүлж хариуцлага тооцохыг биднээс шаардаж байна.
Угтаа нийгэмд шударга ёсыг тогтоох үүрэгтэй шүүгч, прокурор, хууль сахиулагчид та бүхэн хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдлэж хуульчдын ёс зүйг чандлан сахиж байж нийгэмд шударга ёс тогтоно. Хамгийн гол нь шударга ёс гэдэг нь үр дүнгээр хэмжигддэг үнэт зүйл гэдгийг ойлгох учиртай.
Чин шударгаар ажиллаж байгаа шүүгч, алба хаагчдын нэр төр зарим шүүгчийн гаргасан гэмт хэрэг, бусармаг үйлдлийн хар сүүдэрт дарагдаж байгаад харамсч байна. Шүүгч улс төр бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэн улс орныхоо язгуур эрх ашгаас хэзээ ч урваж болохгүй. Шүүгч хэн нэгний дарамт шахалтаар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй. Төрд зүтгэж буй хэн ч төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой гэж сайхан үг бий. Энэ үгийг шүүгч та бүхэн санаж яваарай.
Хуулийн байгууллагууд гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг иргэдэд цаг тухайд нь өгч эргэх холбоотой байх хэрэгтэй. Ардчилсан нийгэм, төрийн шаардлагад нийцүүлж оюун санаа, сэтгэлгээний өөрчлөлтийг хийх шаардлагатай болжээ. Хуулийн байгууллага төрийн нэрийн өмнөөс иргэнээ хамгаалдаг байх хэрэгтэй. Өнгөрсөн 30 жил бид хуульч бэлтгэх тогтолцоонд анхаарал бага хандуулсан хэмээн судлаачид үзэж байна. Шилдэг, мэргэшсэн, ёс зүйтэй хуульчдыг бэлтгэснээр шинэчлэлт хийгдэнэ.
Шүүгчид хариуцлага тооцдог механизм хуулийн хүрээнд ажиллаж, шүүх засаглал өөрөө өөрийгөө цэвэршүүлж, ёс зүйгүй, гэмт хэрэг үйлдсэн нэгэндээ хариуцлага тооцож чаддаг байх нь үнэн мөнийг дэнсэлдэг, шударга ёсыг тогтоодог хуулийн засаглалын зөв тогтолцооны үндэс юм.
Нийгэмд шударга ёсыг тогтоох хариуцлагатай бөгөөд амаргүй үүргийг хүлээдэг шүүх тогтоох байгууллагын алба хаагч та бүхэн эх орон, иргэдийнхээ өмнө өгсөн тангарагтаа үнэнч байж зүтгэдэг. Та бүхнийг ямагт дэмжин ажиллахаа мэдэгдье. Шийдвэрлэх ёстой асуудалд анхааран хандуулж хамтран ажиллана. Шударга ёсны төлөө цохилох зүрхтэй байгаарай.