Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 4-нд өргөн барьсан юм.
Уг хуулиар төр, орон нутаг хувьцаа эзэмшигчийн эрхийг ард түмнийг төлөөлөн хэрэгжүүлж байгаагийн хувьд энэхүү онцлог байдалд нь нийцсэн, ил тод, хяналттай, эдийн засгийг зохицуулагчийн чиг үүргээ хувьцаа эзэмшигчийн чиг үүргээсээ салангид хэрэгжүүлэх боломжийг олгосон эрх зүйн зохицуулалтыг бий болгохыг зорьжээ.
Мөн төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах үндэслэл, шалгуур, журмыг тусгасан байна. Ингэснээр эдийн засгийн тооцоо, судалгаагүйгээр, хувийн хэвшил хийх боломжтой салбарт төр, орон нутаг хүссэн салбартаа төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах боломжгүй болох юм.
Мөн стратегийн ач холбогдол бүхий салбарт, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх батлан хамгаалах, хил хамгаалах, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг дэмжих салбарт төр зайлшгүй оролцох улсын эдийн засаг, батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах салбарт төрийн өмчит компани байгуулахаар хуулийн төсөлд нарийвчлан тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Миний хувьд өнөөдөр их сайхан өдөр байна. Яагаад гэвэл энэ хуулийг Ц.Нямдорж сайд дөрвөн жил дарсан. Авлига, хулгай төрийн өмчит компаниудад хамгийн их байгааг бүгд мэддэг. Авлигатай тэмцэн газраас энд 10 их наядын авлига байна гэж 2019 онд зарласан.
Энэ хууль орж ирж байгаа нь их юм. Гацаагч түгжил хөндлөн хэвтчихээд энэ хуулийг явуулахгүй байсан. Одоо ч байгаа.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль Төрийн өмчийн тухай суурь хуультай хамт орж ирэх ёстой байсан юм. Ц.Нямдорж ЗГХЭГ-ын дарга болонгуутаа Хууль зүй, дотоод хэргийн яамнаас татаж аваад өөрөө дарчихсан. Ямар учиртай юм гэхээр энд тэнд өөрийн хүнээ тавьдаг. ТЭЦ IV-ийн н.Анхбаяраас эхлээд хахуулийн хэргээр ял шийтгүүлсэн хүн олон бий. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой олон зүйл яригддаг. Өөрөө ч ил цагаан ярьдаг. Хүүхдийнхээ юмыг захисан гэхчлэн. Тийм учраас энэ хуулийг оруулж ирдэггүй байсан.
Харин Х.Нямбаатар сайд оруулж ирлээ. Хууль оруулж ирсэн, ажил хийж байгаа хүнээ гоочилмооргүй байна гэж гишүүддээ хандаж хэлье. Хийхгүй, араар сууж, нуугддаг эс үйлдэл илүү хортой юм. Харин Х.Нямбаатар гал атгаад, шүүмжлүүлээд, дайруулаад байгаа ч ажил хийгээд байгаа. Үүнд нь баярлалаа. Авлига, хулгайтай тэмцье гээд бодит реформоо оруулж ирж байна.
Үүнээс гадна Төрийн өмчийн суурь хуулийг хамт хэлэлцэх ёстой. Энэ хуулиа яаралтай оруулж ирэх ёстой. Мөн Баялгийн сангийн тухай, Газрын багц тухай хуулиудыг оруулж ирээд хамт хэлэлцэх шаардлагатай. Яагаад гэвэл төрийн өмчийн 90 хувь нь газар.
Ингэж байж УИХ, Засгийн газрын сүүлийн 10-20 жилд хийсэн хамгийн том шинэчлэл болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.