Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль өнөөдөр /2022.12.23/ УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн батлагдлаа. Уг хуулийн онцлох заалтын талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалаас тодрууллаа.
-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн онцлог зүйл заалтын талаарх мэдээллийг өгөхгүй юу?
-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль амжилттай батлагдлаа. Ингэснээр 2023 оны долдугаар сарын 1-нээс эхлээд Монгол Улс нийт экспортоор гарч байгаа төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, орон нутгийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулж арилжаалах боломж нээгдэж байна гэсэн үг. Нэг ёсондоо тухайн төрийн өмчийн компанийн захирал ч юм уу, эсвэл үнэлгээний комиссын дөрвөн гишүүн хаалттай хаалганы цаана борлуулалтын гэрээ шийддэг биш цахим арилжаагаар явдаг болох юм. Яг л бусад орны жишиг шиг явж байна. Өөрөөр хэлбэл, тухайн салбараа либералчлах борлуулалтын гэрээгээ ил тод бусад оролцогчдын худалдан авалтын чөлөөт өрсөлдөөнийг хангах, дундын зуучлал байхгүйгээр биржээр арилжаалах юм. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжаалах эрх зүйн орчин бүрдчихлээ. Гэхдээ ирэх оны долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Энэ хугацаанд Засгийн газар зүгээр суухгүй, түр журмаа баталсан. Иймд, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс “Тавантолгой”-н бүлэг ордын тэр дундаа “Эрдэнэс-Тавантолгой” ХК өөрийн хүсэлтээр, “Энержи Ресурс”, мөн орон нутгийн Тавантолгой, Гашуунсухайт чингэлэг тээврийн терминал дахь нүүрсээ цахимаар арилжаалаад эхэлнэ.
-Хууль хэрэгжиж эхэлснээр уурхайн хилийн, амны үнэ зэрэг олон үнийн асуудал цэгцрэх үү?
-Уг хуульд үүссэн маш том давуу тал бол амны үнэ, хилийн үнэ гэхчлэн үнийн маргалдааныг цэгцлэх боломж бүрдэж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр зарж байгаа бол Монгол Улсын хил нөхцөлөөр цаашдаа зарна. Энэ бол олон улсын зарчим. Ингэснээр, Үндсэн хуульд заасан байгалийн баялгийн өгөөжийг илүү боломжит үнэ цэндээ хүргэх боломж нээгдэж байна гэсэн үг. Уг нь биржтэй, биржгүй хил нөхцөлөөр зарах боломж байсан. Гэхдээ одоо биржтэй болсноор зайлшгүй хил нөхцөлөөр зарна гэдэг шийдлийг хуульдаа эрх зүйн орчны хүрээнд тусгаж өгсөн.
-Уул уурхайн үнэд нөлөөлөл орж ирэх үү?
-Тэгэлгүй яах вэ. Жишээлбэл, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн сайн чанарын коксжих нүүрс ам нөхцөл дээр 110 ам.доллараар зарагдаж байна. Гэтэл Ганцмод буюу Хятадын хил гараад 7 км яваад 210-230 ам.доллараар зарж байна. Энэ хоорондын зөрүү тээвэрлэлтэд үүссэн далд эдийн засгийг бид цогцоор нь шийдэх ёстой. Энэ бол нэг компанид дүрмийн өөрчлөлт ороод шийдэх асуудал биш. Бирж буюу цогцоор нь тогтолцооны шинэчлэлээр нь шийдэж байж цаашдаа нүүрсний хулгай гарахаас сэргийлж чадна. Хилээр арилжаалагдаж буй уул уурхайн бүтээгдэхүүнүүд Монгол Улсын хил нөхцөлөөр зарлагдаад явна. БНХАУ-ын худалдан авагчид цахим арилжаагаар оролцоод, үнэ хаялцаад хамгийн өндөр үнэ санал болгосон нь автоматаар сонгогдох зарчим руу шилжиж байна.