ОХУ-ын дэд сайдын албыг хашиж байсан Дмитрий Рогозин Лхагва гаригийн орой Украинд шархаджээ. Тэрбээр Донецкийн өмнөд захад орших “Шеш-Беш” зочид буудалд хүмүүстэй хамт оройн зоог барьж байсан. Зочид буудал руу украин цэргүүд халдсанаар Рогозин болон Донецк дахь Оросын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газрын дарга шархдаж, өөр нэг хүн амиа алдсан. Дмитрий Рогозин нь Сансар судлалын агентлагийн даргаар мөн ажиллаж байсан.
“Шеш-Беш” зочид буудалд оройн зоог барих тухай мэдээлэл задарсан учраас энэ үйл явдал болсон гэж үзэж байна. Рогозин болон түүний холбоотнууд удаан хугацаанд энэ зочид буудалд байрласан боловч хэзээ ч халдлагад өртөж байгаагүй аж. Зочид буудлыг нарийвчлал сайтай онилж, Францад үйлдвэрлэсэн гаубицаар буудсан байх магадлалтай гэж Рогозины туслах хэвлэлд мэдээлжээ.
Дмитрий Рогозин Лхагва гаригт 59 нас хүрсэн. Гэвч тухайн үед төрсөн өдрөө тэмдэглээгүй, албан уулзалт хийж байсан гэлээ. Тэрбээр барууны эсрэг үзэл бодолтой гэдгээрээ алдартай. Сүүлийн үед тэр “Tsar’s Wolves” нэртэй сайн дурынхныг удирдаж байсан.
ОХУ-ын Зэвсэгт хүчний дарга Валерий Герасимов өчигдөр /2022.12.22/ хэлэхдээ цаашид гол анхаарлаа Донецк руу хандуулах хэрэгтэй гэсэн. Дайн эхэлснээс хойш Оросын арми нутгийн өмнөд хэсгийг эзлэн авсан ч фронтын шугам Донецкоос цааш бараг хөдлөөгүй байна.