Монгол Улсад коронавирусийн халдвар 760 тохиолдол батлагдаад байгаагаас 347 хүн бүрэн эдгэрсэн. Одоогоор 406 хүн эмчлүүлж буй бол долоон хүн нутаг буцсан тухай мэдээллийг өнөөдөр ЭМЯ-наас өглөө.
Эмчлүүлж буй 406 хүний биеийн байдлыг үнэлбэл, 324 нь хөнгөн, 73 нь хүндэвтэр, хүнд 8, маш хүнд 2 хүн байгаа юм.
Тэднийг эмчилж эмчилгээний арга барилын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү ‘Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг хөнгөн, дунд зэрэг, хүнд, маш хүнд гэж ангилан эмчилгээ хийж байна. ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг дагаж байгаагаас гадна эмч нарынхаа ур чадвараар эмчилж байгаа.
Эмчилгээний аргыг нарийвчлан ярих боломжгүй бөгөөд хүний биеийн онцлог, эрүүл мэндийн байдалд тохируулан вирусийн эсрэг эмчилгээ, антибиотик эмчилгээ, биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулах эмчилгээг хавсарч хийж байгаа. Түүнчлэн үр дүнг нь тогтмол хянаж, харьцуулдаг. Эмчилгээ оновчтой явагдаж байгаа гэж дүгнэж байна.
Одоогоор бид хүнд хүмүүсээ алдахгүй байхад онцгой анхаарч ажиллаж байна. Хүндэрвэл ашиглах ЭКМО аппарат бэлэн бий’ гэлээ.
‘Манай улс тусгаарлах хугацааг 21 хоног байлгаснаар 19 хүнийг өмнө нь алдаагүй’
Мөн тэрбээр эмчилгээний зардлын тухайд “Бидний тооцооллоор эмчилгээний зардал 6.7-8.9 сая төгрөг болж байна. Үүнд эм, оношлуур, хувийн хамгаалах хэрэгсэл, лабораторийн суурь шинжилгээ зэргийг оролцуулан тооцоолсон. Тухайлбал, эмчилгээний багийн хамгаалах хувцас, өвчтөн дээрээ хэдэн удаа орох, эмчилгээний үр дүнг хянах шинжилгээг байнга хийдэг. Хамар залгиур, хоолойн арчдас, өтгөнөөс шинжилгээ авах гэх мэт нь нийлээд дээрх үнэ гарч байгаа” гэсэн юм.
21 хоног дөхөөд илэрсэн тохиолдол гарч байсан. Өнгөрсөн хугацаанд нийт батлагдсан тохиолдлын 2.8 хувь буюу 19 хүнээс 14 хоногийн нууц хугацааг даваад 19, 20 дахь хоногуудад вирусийн халдвар илэрч байсан.
Энэ бол шинэ вирус тул судалж байна. ДЭМБ-аас коронавирусийн нууц үеийг 14 хоног гэж дундажлан тогтоосон. Түүнийг нь ихэнх улс орон мөрдөж байгаа. Харин манай улс тусгаарлах хугацааг 21 хоног байлгаснаар 19 хүнийг өмнө нь алдаагүй гэдээ.