УИХ-ын гишүүн С.Одонтуяа гадаадад байгаа иргэдийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр ‘Миний бие УИХ-ын гишүүнийхээ хувиар “Бид эх орондоо харимаар байна’ гэдэг суултыг Төрийн ордны хоёрдугаар давхарт эхлүүлж байгаагаа мэдэгдэж байна.
КОВИД-той холбоотойгоор гадаад байгаа маш олон Монголчууд эх орондоо ирж чадахгүй байгаа. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд нэлээд олон нислэг хийгдсэн ч сүүлийн үед нислэг хийгдэхгүй, товлосон нислэгүүд цуцлагдаж байгаа. Үүнээс үүдээд иргэдийн амь нас, аюулгүй байдал эрсдэлд ороод байна. Ялангуяа БНСУ-аас ирэх хүсэлтэй 4,000 гаруй иргэн байгаагаас 1,000 гаруй хүний нөхцөл байдал туйлын хүнд байна. Хүүхэд, өндөр настан, жирэмсэн хүмүүс эх орондоо ирэхийн тэсэн ядаж хүлээж байгаа. Зарим нь ирж чадалгүй нас барсан харамсалтай тохиолдол ч гарсан.
Монгол Улсад хүний эрх зөрчигдөхийг хараад зүгээр сууж болохгүй. ХЭҮК-оос ч гадаадад байгаа иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар УОК-т шаардлага хүргүүлсэн. Өнөөдөр миний бие ҮАБЗ-д шаардлага хүргүүлж байна. Ингээд Төрийн ордны хоёрдугаар давхарт суултаа үргэлжлүүлнэ.
ҮАБЗ-д хүргүүлсэн шаардлагад нэгдүгээрт, эх орондоо буцах хүсэлтэй, шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийг яаралтай татах авах, хоёрдугаарт, буцах өдрөө хүлээгээд амьдрах байр, хоол хүнсгүй болсон хүмүүст тусламж үзүүлэх, гуравдугаарт, төлөвлөгөөт нислэгийн хуваарийг тодорхой болгож, иргэдэд нээлттэй мэдээлэл өгч, төлөвлөх боломж олгох зэрэг асуудлыг тусгасан.
Турк улсад гацсан 30 циркчин, БНСУ-ын иммигрейшны байранд өлсгөлөн зарласан монгол иргэд зэрэг маш олон хүмүүс надад хандаж захидал ирүүлсээр байгаа. Гадны орноос ирэх хүсэлтэй иргэд өвчтэй, жирэмсэн, хүүхэдтэй хүмүүсийг эхний ээлжинд татаж аваач гэдэг хүсэлт удаа дараа гаргаж байгаа ч тэдний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байна.
Миний бие УОК, Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам зэрэг 10 гаруй газарт эдгээр иргэдийг татах авах талаар шаардлага хүргүүлсэн ч дорвитой арга хэмжээ авсангүй. Шаардлагын хариуд ‘Бид гадаадад байгаа иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлж, орон байраар хангаж байгаа” гэсэн ч бодит байдал өөр байна. Тиймээс Төрийн ордонд суулт эхлүүлж байгаа юм’ гэлээ.