Засгийн газраас өнөөдөр дараах томилгоог хэлэлцэнэ. Тодруулбал, өчигдөр МАН-ын удирдах зөвлөл хаалттай хуралдаж, ИНЕГ, Улаанбаатар төмөр зам, “Эрдэнэс Монгол” компанийн даргыг томилох асуудлыг хэлэлцсэн. Иймд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх томилгоог хүргэж байна.
УТБЗ-ЫН ДАРГААР Х.ХЭРЛЭНГ ТОМИЛНО
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын суудалд Х.Хэрлэнгийн нэр яригдаж буй. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга байсан түүнийг УБТЗ-ын даргаар томилох тохироо хийж магадгүй.
Дөрвөн жилийн өмнө Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Х.Хэрлэнг томилсон. Гурван жилийн хугацаанд түүний орлого гурав дахин өсчээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед иргэд ажил орлогоо алдаж хэцүүдэж байхад төрийн агентлагийн дарга нарын хөрөнгө арвижсан нэг жишээ. 2019 онд түүний жилийн орлого нь 492 сая төгрөг байсан бол 2020 онд 1.4 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Гэр бүлийн гишүүд нь 2017-2019 он хүртэл орлогогүй байсан бол 2020 онд 25 сая төгрөгийн орлоготой болсон байна. 430 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр “Land rover”, “Range rover” загварын хоёр машинтай. 425 сая төгрөгийн үнэт эдлэл, 1.1 тэрбум төгрөгийн хадгаламжтай аж.
ИНЕГ-ЫН ДАРГАД С.МӨНХНАСАНГ ТОМИЛНО
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ оны наймдугаар сард хэлэлцэн шийдвэрлэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс ИНЕГ-ын дараагийн дарга хэн байх нь олны анхаарлын төвд байна. Сүүлийн үед Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргаар С.Мөнхнасанг томилох сураг дуулдаж эхэлсэн. Тэрбээр өмнө нь Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай. Түүнийг АТГ-аас шалгаж эхэлсэн билээ. Тодруулбал, ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, дэд дарга Б.Алтанцом нартай хамт 10 сая төгрөгийг байгууллагын дотоод журам зөрчин олгосон хэргийг шалгаж, Л.Бямбасүрэн, Б.Алтанцом, С.Мөнхнасан нарыг яллагдагчаар тогтоосныг нийслэлийн Прокурорын газраас ял төлөвлөн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлээд байсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн албанд бугшсан авлигатай тэмцэнэ гэдгээ илэрхийлж буй. Тэгвэл авлигын хэрэгт холбогдсон С.Мөнхнасанг Ерөнхий сайд хүлээж авах уу гэдэг нь эргэлзээ дагуулаад байна.
“ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИЙН ЗАХИРАЛ О.ХУЛАН ЖИНХЛЭХ ҮҮ?
“Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярвааг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж буй. Түүний хувьд албан тушаал эрх мэдлээ ашиглаж авлига авснаа хүлээн зөвшөөрсөн тул энэ удаад шүүхээс ял сонсолгүй торгуулаад өнгөрөх бололтой. Иймд түүнийг ажлаас нь чөлөөлж түүний орны хүнийг өнөөдөр томилно. Энэ удаад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирал О.Хулан, тус компанийн Стратеги эрхэлсэн дэд захирал асан О.Одбаяр нарын нэр яригдаж байсан юм. Харин Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар О.Хуланг захирлын орлон гүйцэтгэгчээр томилоод байгаа билээ.