АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг сансар огторгуйн гүнд орших гаргуудын далай тэнгисээс амьдрал байж болохыг илтгэх шинж тэмдгүүдийг илрүүлэх зориулалттай төхөөрөмжийг туршжээ.
Тодруулбал, SWIM /Sensing With Independent Micro-swimmers, хэмжилт хийдэг бичил шумбагч төхөөрөмж/ гэдэг нэртэй төхөөрөмжүүдийг туршсан байна. Энэхүү төсөл нь гар утас шиг жижиг хэмжээтэй олон тооны шумбагч роботуудыг зохион бүтээх төсөл юм.
НАСА-гийн инженерүүд ийм роботуудыг гадаргуугийн мөсийг хайлуулах чадалтай криобот төхөөрөмж ашиглан бусад гаргийн далай руу оруулах боломжтой гэж үзэж байна. Мөсөн дор орсны дараа роботууд шингэн дотор сэлж, амьдрал оршин байгаа эсэхийг илтгэх химийн болон температурын дохиог бүртгэх ажээ.
“Амьдрал байж болзошгүй гаргууд Нарны аймагт байдаг бөгөөд амьдрал үүсэн бий болоход ус зайлшгүй байх шаардлагатай гэж үздэг. Тийм ч учраас бидэнд ийм орчныг дэлхийгээс хэдэн зуун сая бээрийн зайд автомат горимд судлах роботууд хэрэгтэй байна” гэж НАСА-гийн Тийрэлтэт хөдөлгөөний лабораторийн (JPL) ахлах судлаач Итан Шалер ярилаа.
Тус лабораторийн инженерүүд одоогоор “SWIM”-ийн хэд хэдэн загвар дээр ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн заримыг нь далайд туршжээ. Эхний туршилтуудын үр дүн “найдвар төрүүлсэн” гэж НАСА дүгнэсэн байна.
Эдгээр загварынх нь нэг нь 3D принтерээр хэвлэсэн гурван өнцөгт призм хэлбэртэй жижиг хуванцар төхөөрөмж юм. Уг төхөөрөмж нь маневр хийх хоёр сэнс, дөрвөн сэлүүртэй ажээ.
Харин сүүлд шинэчлэн сайжруулсан SWIM нь 42 см урт боловч инженерүүд гурав дахин бага хэмжээтэй төхөөрөмжийг сансарт ашиглахаар төлөвлөжээ. Ийм төхөөрөмжүүдийг аль хэдийн туршиж байгаа боловч одоогоор компьютерын загварчлалын хүрээнд дижитал хувилбаруудыг туршиж байна.
SWIM төслийн багийнхан мөн энэ роботуудын гол төхөөрөмж болох усны найрлага мэдрэгчийг туршиж дуусгажээ. Эл мэдрэгч нь шингэний температур, даралт, хүчиллэг эсвэл шүлтлэг байдал, дулаан, цахилгаан дамжуулах чанар, химийн найрлагыг нэгэн зэрэг хэмжих аж.
Усны роботуудаар амьдрал оршин байгаа эсэхийг хайлгах гаргуудын нэг бол Бархасбадь гаргийн дагуул Европа юм. Уг гаргийн мөсөөр хучигдсан гадаргуу доор амьдрал оршин байх боломжтой эсвэл оршин байсан байж магадгүй гэдгийг илтгэх асар том далай байгаа гэж эрдэмтэд таамагладаг.
Европа гаргийг судлах “Europa Clipper” аппаратыг өнгөрсөн сард Канавералын хошуун дахь сансрын хөлгийн буудлаас “Falcon Heavy” пуужингаар хөөргөсөн билээ. Уг аппаратын бүхээгт Бархасбадийн дагуулаас амьдрал хайх багаж хэрэгслүүд байгаа боловч усанд шумбагч төхөөрөмжүүдийг суурилуулаагүй байна.