Зөвхөн цаасан дээрх эхээс, номын санд очиж үйлчилгээ авдаг байсан хэвшмэл ойлголт хэдийнэ үгүй болжээ. Цахим номын сангийн технологи эрчимжин хөгжиж байгаа энэ үед шийдлийг хэрхэн нэвтрүүлж, зөв зохистой хэрэглэх вэ гэдэг л асуудлын гогцоо болоод байна. Нийгэм цаг үе, технологийн хөгжилтэй мөр зэрэгцэн тулгамдаж буй эл асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар өнөөдөр ‘Цахим номын сангийн үйлчилгээ’ хэлэлцүүлэг боллоо.
Соёлын яамнаас санаачилсан эл арга хэмжээг Монголын номын сан, номзүйн инноваци хөгжлийн хүрээлэн хамтран зохион байгууллаа. Онлайн хэлэлцүүлэгт оролцогчид дэвшилтэт санаагаа хуваалцан, хөгжүүлсэн технологио танилцуулж, шийдэлд дөхөм болох олон санааг энэ үеэр ярьсан юм. Тухайлбал Esan.mn-ий бүтээн бий болгосон шийдэл нь оюуны өмчийг дээдэлж, зохиогчийн эрхийг хамгаалснаас гадна хэрэглэгчид дөхөм, хялбар үйлчилгээг хэдийнэ бий болгосноо танилцууллаа. Хувийн хэвшлийн төлөөлөл болж M+, E nom, Wolves, болон Аз хур ХХК-ийн төлөөлөл энэ хэлэлцүүлэгт оролцлоо. Түүнчлэн Оюуны өмчийн газар, Монголд Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хот болон 21 аймгийн нийтийн төв номын сан, их дээд сургуулийн номын сангийн төлөөлөл цахимаар саналаа солилцож, цахим номын үйлчилгээний ач холбогдол, үнэ цэнэ, тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн.
Монгол Улсын Их Хурлаас баталсан ”Алсын хараа 2050′ урт хугацааны хөгжлийн бодлого, Номын сангийн тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Цахим засаглал үндэсний хөтөлбөрт цахим номын санг хөгжүүлж, мэдээллийн цахим сантай болох, цахим номын сангийн үйлчилгээг жилээс жилд эрчимжүүлж, 2025 онд номын сангийн цахим сан хөмрөгийг таван хувьд хүргэх зорилт тавиад буй юм.