ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Өчигдөр нийт 40217 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 49 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Давтан шинжилгээнүүд болон ойрын хавьтлуудаас халдвар илэрлээ. “Нэг хаалга –Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд 10 хүнээс халдвар илэрсэн. Тус өргөтгөсөн шинжилгээний хүрээнд 37 хүнээс халдвар илэрсэн. Анхны 19 хүнээс шинжилгээ авч тэдний хавьтлыг тусгаарлан шинжилгээ авах явцад нэмэгдэж 18 хүнээс халдвар илэрсэн. Эдгээр иргэдийн байршлуудаас дурдвал, БГД-ийн 3,12,25, БЗД-ийн 26, СБД-ийн 18, СХД-ийн 6,7,18,31,39 ХУД-ийн 2,4 ЧД-ийн 2,6,12-р хороо байна.
Улаанбаатар хотод халдварын батлагдсан тохиолдол 1654 болсон. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1980 тохиолдол батлагдсан. Өчигдөр 25 хүн эдгэрч гэртээ харьсан. Монгол Улсын хэмжээнд Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 2493. Үүнээс 1802 хүн эдгэрсэн.
Эмчлүүлж байгаа 678 хүн байгаагаас биеийн байдал маш хүнд нэг, хүнд долоо, хүндэвтэр 86, хөнгөн 584 хүн байна.
ХӨСҮТ-д биеийн байдал маш хүнд эмчлүүлж байсан иргэн өчигдөр нас барсан. Талийгаач хоёрдугаар сарын 14-нд биеийн байдал маш хүнд ХӨСҮТ-д хүргэгдэж ирсэн. Хавсарсан хавдартай, үсэрхийлсэн хавдартай, уургийн дутагдал олон эрхтний үйл ажиллагааны доголдлоор нас барсан. Онош нь ходоод бүдүүн гэдэсний хожуу үеийн хавдар, элэг тунгалагийн булчирхай үсэрхийлсэн хавдартай бөгөөд Covid-19 халдвараар биеийн байдал нь хүндэрсэн.