ЗТХ-ийн сайд Л.Халтар зам, тээврийн салбарын 2020-2024 онд бүтээн байгуулах томоохон ажлуудын товч танилцуулгыг хийв. Энэ төлөвлөгөөнд агаарын тээврийн салбарт хийх хэд хэдэн ажил багтсан бөгөөд Дорнод аймгийн Чойбалсан, Ховдын Ховд, Хөвсгөлийн Мөрөн хотуудын нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгон өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Сайд Л.Халтар энэ талаар, Монгол Улс агаарын 16 хаалгатай. Түүний хоёр гол зам Ховд, Чойбалсангийн дээгүүр өнгөрдөг. Олон улсын агаарын тээврийн байгууллагын өмнө Монгол Улсын хүлээсэн үүрэг бий. Энэ нь агаарын шугамыг хөдөлгөөний эрчим өндөртэй шугам дээрээ Монголын нутагт агаарын хөлгийн ямар нэг эрсдэл үүсэхэд буух нөөц талбайтай байх ёстой.
Монгол Улсын нутаг дээгүүр онгоц өнгарүүлээд навигацын орлого авдаг. Тэр мөнгийг нөөц буудлыг сайжруулах, хөдөлгөөний аюулгүй хангах, навигацын технологийг шинжлэхэд зарцуулах учиртай юм. Тэгэхээр энэ дөрвөн жилд дээрх гурван аймгийн нисэх буудлыг олон улсын хэмжээний том онгоц буух хэмжээний нисэх зурвас байгуулна гэж тайлбарлав.
Мөн ирэх дөрвөн жилд орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэхэд анхаарал хандуулна. Эхний ээлжинд Увс аймгийн “Цагаан дэглий” нисэх буудал, дотоод гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хэнтийн Өндөрхааны нисэх буудлыг өргөжүүлэх, Дадал суманд нисэх буудал байгуулахаар ажлын төлөвлөгөөндөө оруулжээ.