УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг өөрийн зураг бүхий бидон тараасан гэх мэдээлэлд тайлбар өглөө. Тэрбээр төсвийн мөнгөөр бидон тараагаагүй бөгөөд тухайн тараасан бидон дээр өөрийнхөө зургийг хэвлээгүй гэсэн юм.
Нийгмийн даатгалын мөнгөөр өөрийн зураг бүхий бидоныг тараасан гэх мэдээлэл байдаг. Энэ нь ёс зүйтэй үйлдэл мөн эсэх талаар сэтгүүлчийн асуултад тэрбээр “Би юу гэж бидон дээр юу гэж зургаа тавих вэ дээ. Хүмүүсийг ойлгодог юм болов уу гэж бодсон ойлгодоггүй юм байна. Би бидон дээр зураг тавих хүн мөн үү. Хоёрдугаарт тийм бидоныг ашиглах уу. Ийм зүйлийг хүмүүс ойлгочих байх гэж боддог юм, үгүй юм байна. Фотошоп, эвлүүлэг л байсан юм шиг байгаа юм.
Нөгөө талаар тэр нийгмийн даатгалын мөнгөөр худалдан авч олгоогүй. Би 2014-2016 онд УИХ-ын гишүүн байхдаа, 2016-2020 он хүртэл гишүүн биш байхдаа Баянхонгор аймгийнхаа 8000 ээжид дөчийн бидон тараасан. Хуванцар сав хэрэглэж, хавдар тусаж байна гэсэн судалгаа байдаг учраас багасгах үүднээс анх санаачилсан. Тухайн үед өрхийн орлогыг дэмжихээр улсын төсвөөс нэг тэрбум төгрөг тусгасан байсан. Үүнээс 300 сая нь Завхан, 300 сая нь Чингэлтэй дүүрэг, 300 сая нь Баянхонгор аймагт хэрэгжсэн. Үүнээс гадна би өөрөөсөө нэг тэрбум төгрөг гаргаж 8000 бидон тараасан. Гишүүн байхдаа, гишүүн биш байхдаа ч тараасан. Тайлбарлах боломж олгосонд баярлалаа” гэсэн тайлбарыг өгсөн юм.