Монгол Улсын Засгийн газраас яаралтай горимоор эхлүүлж буй “Богдхан төмөр зам”-ыг тавих бүтээн байгуулалтын ажлын нээлт өнөөдөр боллоо.
Тус төмөр замын бүтээн байгуулах ажлыг гурван жилийн хугацаанд гүйцэтгэж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус төслийг нээж хэлэхдээ, “Богдхан төмөр зам” нь Монгол Улсын дэд бүтцийн болон тээвэр ложистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, Төв аймгийн нутаг дэвсгэрт шинэ дагуул хот бий болох, автозамын түгжрэл буурах үндсэн шийдлүүдийн нэг юм гэдгийг онцлоод, бүтээн байгуулах ажилд амжилт хүсэв.
Тэрээр, Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-ын чуулганд “Хүн амын дийлэнх хэсэг амьдран суугаа их хотын асуудлыг Засгийн газар зөвхөн нийслэлийн удирлагад даатган орхихгүй, хотын иргэдийг бүх талаар дэмжиж хамтран ажиллах болно. Улаанбаатар хотын төвлөрлийг багасгана. Нийслэлийн тээвэр болон дагуул хотыг холбосон дэд бүтцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ” гэж хэлснээ эргэн сануулав. Тэрбээр, “Хэлсэн үг, дэвшүүлсэн зорилтоо бодитой ажил болгохын тулд Ерөнхий сайд өөрөө биечлэн удирдах Үндэсний таван хороо байгуулсны нэг нь Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлийн түгжрэлийг бууруулах цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх хороо юм. Автозамын түгжрэлтэй холбоотой давс мэт шийдвэр гаргах зайлшгүй шаардлагатай нүүр тулж байгаа нь үнэн. Зарим амаргүй шийдлүүдийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх шууд ардчиллын аргыг ч хэрэглэхийг үгүйсгэхгүй. Богдхан төмөр замын төсөл бол хот хөдөөгийн зохист тэнцвэрийг шийдвэрлэх томоохон үндсэн шийдлүүдийн нэг юм” хэмээн онцоллоо.
Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Багахангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин нийт 135.8 км үргэлжлэх зургаан зөрлөг, гурван өртөө бүхий бүтээн байгуулалт юм.
Мөн 16.6 км урттай хоёр туннелийг Монгол Улсад анх удаа бүтээн байгуулж байгаа бөгөөд цаашдын олон томоохон шийдлийн суурь болох юм.
1954 оны Сайд нарын зөвлөлийн 435 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг баталж, нийслэл Улаанбаатар хотод 500 мянган хүн оршин суухаар тооцсон ч өнөөдөр энэ ачаалал төлөвлөснөөс гурав дахин нэмэгдээд байна. Нийслэлийн замын даац 300 мянган автомашиныг 25 км цагийн хурдтай нэвтрүүлэх хүчин чадалтай ч өнөөдөр 500 гаруй мянган автомашин зорчиж байгаа юм. Үүнээс улбаалж өнөөдөр нийслэлийн автозамын нэвтрүүлэх хүчин чадал 13 км цаг, оргил ачааллын үед найман км цагийн хурдтай болжээ. Нэг үгээр хэлбэл, оргил ачаалалтай үеийн дундаж хурд явган хүнийхтэй бараг адил түвшинд очсон байна. Манай улс жил бүр 80-90 мянган автомашин шинээр худалдан авч байна. Цаашид ийнхүү үргэлжилбэл 1-2 жилийн дотор нийслэл Улаанбаатар хот “ТЭГ” зогсолт хийх нөхцөл байдал бодитоор үүссэн гэдгийг Ерөнхий сайд учирласан юм.
Мөн “Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, 100 жилд тохиолдоогүй нийгэм, эдийн засгийн огцом хямрал үүссэн нэн хүнд үеийг бид туулж байна. Цаг үе хүнд байгаа ч бид нэгдэн нягтарч, хамтран ажиллаж, энэ сорилтыг даван туулахын төлөө энгийн үеэс илүү хичээх шаардлагатай байна. Улаанбаатар хотын шийдэл ч зөвхөн Нийслэлийн Засаг даргаас шалтгаалахгүй, иргэн, аж ахуйн нэгж бүхний идэвхтэй оролцооноос хамаарна” хэмээн тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 4-ний хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон юм.
Богдхан төмөр замыг барьснаар,
- Улаанбаатар хотын төмөр зам, авто замын огтлолцолд дунджаар 144 минутыг зарцуулж байгаа нөхцөл байдал 57 хувиар буурна. Улаанбаатар төмөр замын дагуух дуу чимээ тоосжилт, бохирдол эрс багасаж цаашид бензин, шатах тослох материалын агуулах, нүүрс тээвэрлэлт, хүнсний болон барааны агуулахыг хүн ам төвлөрөн суурьшдаг газраас үе шаттай холдуулах боломж нээгдэх юм.
- Хөшигийн хөндийн их бүтээн байгуулалт эхэлж, тус хөндийд тээвэр ложистикийн гурван шинэ терминал байгуулагдаж, экспорт нэмэгдэж, цаашид эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдах суурь нөхцөл бүрдэж, Төв аймгийн Зуунмод сум цаашид улсын зэрэглэлтэй хот болон тэлэх боломж бүрдэнэ.
- Дагуул хотууд хөгжиж, төр хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчдын түншлэл идэвхжиж, цаашид Өмнөговь, Орхон, Дархан-Уул, Дорнод, Дорноговь аймаг хотжих үйл явцыг хурдасгасан загвар, сэтгэлгээний болон соёлын өөрчлөлт болно.
- Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин хөрш орнууд болон Ази, Европын бүс нутагтай холбох “Эдийн засгийн коридор”-ын хөгжил, түүн дотроо Улаанбаатар төмөр замын тээврийн оролцоо, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.