Монголын цанын холбооны багш, дасгалжуулагчдын сургалт Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Olympic house-д боллоо.
Сургалтыг Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Од удирдан явуулж, 30 орчим хүн хамрагдав. Сургалтаар спорт, анагаах ухааны зүтгэлтнүүд илтгэл тавьснаас гадна салбар клубүүдийн үйл ажиллагааг хэрхэн уялдуулах талаар хэлэлцэв. Мөн Монголын цанын холбооны гишүүд клубүүдийг албан ёсоор бүртгэлжүүлж, сертификат олголоо.
Энэ үеэр Дэлхийн цанын өдрийг тохиолдуулан зохиосон ажилд оролцсон клубүүдийн амжилтыг дүгнэж, шилдгээр шалгарсан клубүүдийг шагнаж урамшуулав. Энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хотын “Цаначин” клуб тэргүүлж, мөн Улаанбаатар хотын “Эхлэл” сноуборд клуб, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Тайгын хурд” клуб удаах байруудыг эзлэв.
Түүнчлэн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын “Шишгидийн хурд” клубийн дасгалжуулагч Б.Лхагвааг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагналаа. Шагналыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар гардуулж өгөв.