‘ЭРДЭНЭС МОНГОЛ’-Д ‘ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ’, ‘ЭРДЭНЭТ’, ‘МОНГОЛРОСЦВЕТМЕТ’-ИЙГ НЭГТГЭНЭ
Засгийн газраас үр ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг татан буулгах, заримыг нь нэгтгэх асуудлыг шуурхайлан хийж буй. Үүний хүрээнд “Эрдэнэс Монгол” компанид “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” зэрэг стратегийн ач холбогдол бүхий гурван компанийг нэгтгэх улс төрийн шийдэлд хүрсэн гэнэ. Ингэж нэгтгээд “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайдыг томилно гэх яриа ч улс төрийн хүрээнд өрнөөд буй. Гэвч улс төрийн хүрээнд захирлын томилгооны асуудал өөрчлөгдөж, одоогийн түр орлон гүйцэтгэж буй О.Хуланг томилж магадгүй гэх мэдээлэл ч бий. Ямар ч гэсэн томоохон стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит компаниудыг нэгтгэнэ, ингэхдээ хэн нь хүнээ томилох, хэн нь томилогдох вэ гэдэг анхаарал татсан сэдэв болоод байна.
Чухам энэ компаниудыг нэг удирдлагад нэгтгэх нь улс төрийн хувьд төдийгүй Засгийн газарт маш ашигтай шийдэл болно. Гэхдээ одоогоор энэ бүхэн албажаагүй ч тун удахгүй МАН-ын шинэ дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зориготойгоор шийдвэр гаргах гэнэ.