Гашуун сухайтын тээвэрчдээс ДОХ/ХДХВ-ын тохиолдол батлагдаж, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээний баг очсон гэх мэдээлэл цахим хуудаст нийтлэгдсэн. Үүний дагуу ХӨСҮТ-өөс тодрууллаа.
ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр ‘Гашуунсухайтад сүүлийн өдрүүдэд Covid-19 халдварын тохиолдлын тоо буурахгүй байгаа учир шинжилгээний баг ажиллаж эхэлсэн. Ингэхдээ Covid-19-ийн шинжилгээнээс гадна урьдчилан сэргийлэх хүрээнд БЗХӨ-ий шинжилгээг авч байгаа.
Бөмбөлөг тээврийн жолоочдоос хэчнээн хүний хариу эерэг гарсан талаар мэдээлэл өгөх боломжгүй. Ямартай ч жолоочдоос БЗХӨ-тэй, Covid-19-тэй тохиолдлууд шинжилгээгээр гарч байгаа.
Тэдгээр хүмүүсийг дараагийн шатны эмнэлэгт хүргэж, зөвлөгөө тусламж үзүүлж байгаа. Түүнээс ДОХ/ХДХВ-той хүнийг тусгаарлахаар ХӨСҮТ-ийн баг зорьж очсон гэдэг ташаа мэдээлэл. Тухайн бүсэд хоёр баг 24 цагаар ээлжилж илрүүлэг дээр ажиллаж байгаа’ гэлээ.
Шинжилгээний баг өнгөрсөн сараас эхлэн ажиллаж эхэлсэн бөгөөд тээврийн жолоочдыг халдварт өвчний эрсдэлээс сэргийлж, ийнхүү ээлжээр шинжилгээ авч, тусгаарлах арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.