Засгийн газрын өнөөдөр болсон хуралдааны талаар мэдээлэл хийх үеэр Сангийн сайд Б.Жавхлан олон нийтийн дунд тарсан ташаа мэдээллийг залруулж байгаагаа хэллээ.
Тодруулбал, Засгийн газар БНХАУ-аас газар нутгаа барьцаалж, зээл авч, их хэмжээний буюу 300 орчим их наяд төгрөгийн өрөнд оруулах гэж байгаа гэдэг ташаа мэдээлэл болохыг тэрбээр залруулав.
Засгийн газрын өрийн менежментийг 3 жилээр тодорхойлсноор стратегийн хувьд сайн үр дүнд хүрсэн гэдгийг тэрбээр онцлов.
“2016-2017 оны үед Засгийн газрын гадаад өр хямралын хэмжээнд хүрсэн. Түүнээс хойш менежмент, сахилга баттай явсны үр дүнд өрийн эрсдэл тогтворжиж, зээлжих зэрэглэл нэг шат ахисан.
Өнгөрсөн жил “Century” бонд гаргаснаар 2022 онд гарах байсан $1 тэрбумын урсгалыг жилийн өмнө хаасан. Улмаар тавдугаар сард олон улсын агентлагууд Засгийн газрын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн. Ийм хүнд үед энэ бол амжилт гэж харж байгаа.
Хөгжлийн Банкны баланс зургаадугаар сарын 30-ны байдлаар үр дүнтэй гарсан. Өнгөрсөн таван сарын хугацаанд 500 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг мөнгөн хөрөнгөөр амжилттай барагдуулж, өөрийн хөрөнгө буурах эрсдэлээс хамгаалсан. Улмаар зээлжих зэрэглэлээ Засгийн газартай ижил түвшинд барьж чадсан. Ингэснээр 2023 оны есдүгээр сард төлөгдөх “Евро” бондын 500 сая доллар, арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх “Самурай” бондын 725 тэрбум төгрөгийг Хөгжлийн Банк өөрийн эх үүсвэрээр төлж барагдуулах боломжууд алхам урагшилж байна.
Ойрын хоёр жилийн хугацаанд Засгийн газарт дээрх хоёр гадаад өр хүлээгдэж байгаа.
“Ирэх гурван жилд Засгийн газар арилжааны нэг ч бонд гаргахгүй”
Өрийн удирдлагын тухай хуулиар Засгийн газар ямар хэмжээний зээл авах эцсийн шийдийг УИХ гаргадаг. Ирэх гурван жилд Засгийн газар нэг ч төгрөгийн арилжааны бонд нэмж гаргахгүй.
Засгийн газар 2012 онд “Чингис” бондыг анх гаргаснаас хойш долоон удаа бонд гаргасан байдаг. Анхны “Чингис” бондоор төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бусад зургаа нь энэ бондын өрийг төлөхөд зориулж гаргасан. Цаашдаа энэ өрийг үргэлжлүүлэхгүй. Зөвхөн нэн хөнгөлөлттэй хөгжлийн том төслүүдэд зориулж зээл авна.
Зээлийн ашиглалтад онцгой анхаарч байгаа. Өнөөдрийг хүртэл тун хангалтгүй байгаа. Цаашдаа зээл нь ДНБ-ийг тэлэх эерэг нөлөөгүй, зээлдэгчийн экспортыг буюу манай импортыг дэмжсэн байвал ийм зээлээс бүрэн татгалзана гэж гурван жилийн стратегид онцгойлон заасан. Тиймээс төсвөөс 50 дахин давсан буюу 300-аад их наядын өр тавих гэж байгаа гэдэг мэдээлэл ор үндэслэлгүй” гэлээ.